Исакийн “Ньюкасл”-тай зарласан дайнд Златан оролцов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 20

Швед довтлогч Александер Исак Английн “Ньюкасл” клубын удирдлагатай дайн зарлалаа гэхэд хилсдэхээргүй үйл явдал өрнөсөөр байна.

Өчигдөр Английн Премьер лигийн 2024/25 оны Улирлын шилдэг хөлбөмбөгчид шагнал гардуулах ёслол боллоо. Улирлын шилдэгт нэр дэвшигчдийн нэг нь Исак байсан юм. Гэвч очсонгүй.

“Би өнөөдрийн энэ ёслолд очихгүй. Үүссэн нөхцөл байдлын улмаас тэнд очих нь зөв гэж бодохгүй байна” хэмээн Исак өгүүлжээ. “Бусад хүмүүс ярьж байхад би дуугүй л байлаа. Дуугүй байх тусам тэр хүмүүс өөрсдийн хувилбараа улам үнэн мэт дэлгэрүүлсээр байх юм. Гэвч тэр нь үнэнд нийцэхгүй. Клубын удирдлага надад юу амласан, хаалганы цаана ямар яриа болсонтой зохицохгүй байна.

 

 

Хэргийн учир нь надад амлалт өгсөнд байгаа юм. Намайг яахыг хүсэж буйг ч сайн мэднэ. Гэтэл асуудал дөнгөж саяхан л гэнэт үүсэж буй мэт байдал гаргаж байна. Амлалтаа биелүүлэхгүй бол итгэл үгүй болно. Итгэл үгүй болсон цагт цаашид харилцах боломжгүй. Миний хувьд өнөөдөр нөхцөл байдал ийм л байна. Тиймээс хэн хэнд нь өөрчлөлт хэрэгтэй байна, зөвхөн надад биш шүү” хэмээн швед залуу тэмдэглэн бичжээ.

Тэр хэлээд буй хаалганы цаана өгсөн амлалт гэдэг нь өнгөрсөн жил цалинг нь нэмнэ гэсэндээ хүрээгүйгээс эхэлсэн бололтой. Өнгөрсөн зун гэхэд Исак дахиад дөрвөн жилийн гэрээтэй, долоо хоногийн цалин нь 140 мянган паунд байв. Амлалтандаа хүрээгүй тул Исак явах шийдвэр гаргаснаа тухайн үедээ клубын удирдлагад дуулгажээ. Гэвч клубын удирдлага болон дасгалжуулагч Эдди Хау тэс өөр зүйл ярьж байгаа юм.

 

 

Энэ зун “Ньюкасл” улирлын өмнөх бэлтгэлээ Сингапур болон Өмнөд Солонгост хийсэн. Исак гуяны бэртэлтэй гэж шалтаглаад яваагүй. Дараа нь нарийвчилсан шинжилгээ хийтэл ямар ч гэмтэлгүй гарсан. Энэ нь багийнхнаа явсан хойгуур Англид үлдээд “Ливерпүүл”-д очих ажилдаа шамдах гэснийх байсан бололтой. Нэгэнт гэмтэлгүй гарчихсан болохоор гэрээний дагуу бэлтгэлээ хийх ёстой болсон. Гэтэл бэлтгэлээ клубынхээ баазад бус харин хуучин клуб Испанийн “Реал Сосьедад”-ын баазад очиж, ганцаарчилсан бэлтгэл хийсэн. Эдди Хау багаа аваад Азид оччихсон тул Исакийг Англид бэлтгэлээ хийж байгаа л гэж бодож явж. Гэтэл Азиас буцаад эргэхдээ Исакийг Англид бид Испанид байгааг дуулж сонсоод ихэд бухимджээ. Ингээд яаралтай дуудсан ч гэлээ хөлбөмбөгчид болон клубын ажилтнуудын хамтарсан барбекю зоогонд оролцуулаагүй. Харин ч тэр зоогийн дараа буюу бүх хүн явсны дараа клубын бэлтгэлийн баазад ганцаарчилсан бэлтгэл хийхийг шаардсан юм.

“Ньюкасл”-ын удирдлагын үзэж буйгаар бол Исак дураараа загнаж, нөхцөл байдлыг өөрийнхөө гарт байлгаж, хянаж байна. Харин Исакийн хувьд клуб амлалтандаа хүрээгүй тул явна гэж шийджээ. Клубын зүгээс түүнд илүү өндөр цалинтай урт хугацааны гэрээ санал болгосон ч швед залуу “гэдийх” бололтой.

 

 

Энэ үед Шведийн алдарт довтлогч Златан Ибрахимович үг нэмэрлэж, өмөөрч эхлэв. “Шведүүд хөвгүүдийн сэтгэлзүй, тэмүүлэл ямар гэдгийг эд нар мэдэхгүй. Тэд Лигийн цом өргөдөг багт биш хамгийн том тэмцээнд түрүүлдэг багт очиж, хувийн хамгийн том шагналыг өргөхийг хүсдэг юм” гэх утгатай үг Златан хэлжээ.

“Ливерпүүл” зүгээр суугаагүй ээ. Очихыг хүсэж буй хөлбөмбөгчийг тосож авахын тулд 110 сая паундын санал тавьсан. Гэлээ ч “Ньюкасл”-ын эзэд татгалзсан. Саудын Араб эзэнтэй энэ клуб гол тоглогчдоо зарах бус харин ч хадгалж үлдээд илүү том амжилт руу тэмүүлэхийг зорьж буй учраас авч үлдэнэ гэж шийдсэн байна.

Гэвч улирлын эхний тоглолтдоо “Астон Вилла”-тай тэнцлээ. Хүн илүү тоглосон ч гоол оруулж чадсангүй. Хэрвээ Исак байсан бол?... гэх бодол хөлбөмбөгийн хорхойтнуудын тархинд орж ирж байхад клубын удирдлага ч бодсон л байлгүй яахав. Ингээд Исакийг явуулахгүй гэж мэдэгдлээ.

 

 

“Бид нэг зүйлийг маш тодорхой мэдэгдэж байна. Алексийн гэрээ хүчин төгөлдөр чигээрээ үлдэх болно. Клубын албаны хүмүүсээс хэн ч, ямар ч амлалт өгөөгүй. Алексийг энэ зун явж болно гэж хэлсэн хүн байхгүй.

Бид багийнхаа шилдэг тоглогчдыг авч үлдэхийг хүсэж байна. Хөлбөмбөгчдөд өөрийн гэсэн хүсэл бодол байлгүй яахав. Түүнийг нь бид сонсоно. Алекс болон түүнийг төлөөлөгчдөд бид эхлээд клубын ашиг сонирхлыг бодолцох ёстой гэдгээ хэлсэн. Үүний цаана манай фанатуудын ч хүсэл гэж юм бий. Тиймээс энэ зун түүнийг зарахгүй. Зарахаар хэмжээний үнийн санал ирэхгүй л бол зарахгүй.

Бид бол баялаг түүхтэй, бахархалт клуб. Бид гэр бүлийнх мэт сайхан уур амьсгалаа хадгалж үлдэхийг хичээнэ. Алекс энэ гэр бүлийн нэг гишүүн. Тиймээс бэлэн болсон цагт нь бид түүнийг багтаа хүлээн авахад бэлэн байна” хэмээн мэдэгджээ.

 

 

Байдал нэгэнтээ ийм болсон тул одоо Александер Исакаас бус харин түүнийг авахыг хүсэж буй “Ливерпүүл”-ээс гол нүүдлийг хийх эсэх нь сонирхол татаж байна. Исакийг 150 сая паундаар үнэлж байгаа. Одоогоор 110 сая паундыг амласан. Хэрвээ авахыг үнэхээр их хүсэж буй бол үнийн дүнгээ нэмэх зам л “Ливерпүүл”-д үлдсэн бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top