27 настай Эбэрэчи Эзе 14 жилийн өмнө өөдтэй хөлбөмбөгч болохгүй гээд голсон Английн “Арсенал”-д эргэн очихоор боллоо.
Өнгөрсөн ням гаригийг хүртэл “Их буучид” Эзе-г авъя гэсэн тогтсон шийдгүй байлаа. Гэвч Премьер лигийн эхний тойрогт “Манчестер Юнайтед”-тай тоглохдоо Кай Хаверц гэмтсэн тул довтолгоонд тоглогч нэмж авахаас өөр аргагүй байдалд орсон юм.

“Арсенал” аваргын төлөө тэмүүлэх баг тул хамгийн сайнаас нь авахаар шийдэж “Кристал Пэлас”-ын гялбаа болсон Эбэрэчи Эзе дээр сонголт буужээ.
Энэ зуны эхээр Эзе-г авах талаар “Арсенал” ярилцаж, сонирхож үзсэн ч гэлээ 60 сая паундын босго үнийг төлөхөөс цааргалж, албан ёсоор үнийн санал тавилгүй өнгөрсөн байна.

Тэгж байтал тэдний заналт хөрш “Тоттенхэм”-ийн довтолгооны гол тоглогч Жэймс Мэддисоны өвдөгний чагтган холбоос тасарч, олон сараар эмчилгээ хийлгэж, гам барих шаардлагатай болов. Тиймээс Даниел Левиг “Бүргэдүүд”-ээс Эбэрэчи Эзе-г авахаар яриа хэлэлцээрээ эхлүүлж, хоёр тал наймааны үнэ дээр тохиролцож, Эзе ч очихоор зөвшөөрчихөөд байжээ.
Гэхдээ “Бүргэдүүд” өнөө шөнө Конференц лигийн сонгон шалгаруулах шатанд Норвегийн “Фредрикстад”-тай тоглолттой учир энэ тоглолтод оролцсоных нь дараа аваарай гэж “Тоттенхэм”-ийнхэнд хэлсэн байна. Ингээд тэрхүү тоглолтыг хүлээж, хоёр гурван хоног өнгөрөх зуур Хаверц гэмтэж, улмаар “Арсенал” ажиллагаагаа яаравчлан эхлүүлснээр “Тоттенхэм”-ийн хамар дороос Эбэрэчи Эзе-г суйлаад авчихаж чадлаа. Хойд Лондоны хоёр клуб зэрэгцэн санал тавьсан энэ тохиолдолд Эзе багын хүсэл мөрөөдлөө дагаж, “Арсенал”-д зөвшөөрчээ.

“Уг нь би “Арсенал”-д тоглохыг мөрөөддөг байсан юм. Тиймээс намайг голоход маш хэцүү туссан. 13 настайдаа “Үгүй ээ” гэсэн үг сонсох үнэхээр хэцүү байж билээ. Сорил бэлтгэл хийлгэснийхээ дараа хасахад нь үймэрч, юунд ч анхаарлаа төвлөрүүлж чадахаа больтлоо балмагдсан. Түүнээс хойш өөр хэд хэдэн клуб намайг авахаас татгалзсан. Гэлээ ч “Арсенал”-ын “Үгүй” гэсэн нь дараа дараагийн сөрөг хариултуудыг дааж гарах тэнхээ өгсөн гэж боддог. “Хэрвээ би “Арсенал”-аас татгалзсан хариулт авчихаад тэр шаналлаа давж гарч чадаж байгаа юм бол өөр юуг ч даваад гарч чадна” гэсэн бодол төрж байсан” хэмээн 2022 онд өгсөн нэгэн ярилцлагадаа Эзе онцлон тэмдэглэж байжээ.
.jpg)
“Тоттенхэм”-ийн хувьд авчихсан гэж бодсон тоглогчоо алдсаныхаа дараагаар “Манчестер Сити”-гийн Савиньо, “Брэнтфорд”-ын Йоан Висса нарыг хөөцөлдөх бололтой.
Гэвч Виссад “Ньюкасл” аль хэдийн санал тавьчихсан бол Савиньог “Сити” зарахыг хүсэхгүй тухай мэдээ түгсэн. Гэвч мөнгө бүхнийг шийдэх нь тодорхой.

“Кристал Пэлас”-ын дасгалжуулагч Оливер Гласнер өнөө орой Эзе-г Конференц лигт тоглуулна гэснээрээ тоглуулах юм байна. Багаас нь Эзе-гээс гадна мөн хамгаалагч Марк Гүэхи ч явж магадгүй болсон. Түүнийг “Ливерпүүл” хөөцөлдөж байгаа юм.
.jpg)
"Тэд энд байгаа цагт гол үүргийг гүйцэтгэсэн хэвээр байх болно” гэж Оливер Гласнер хэлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, өнөө шөнө Эзе “Бүргэдүүд”-ийн төлөө сүүлчийн үүргээ гүйцэтгэчихээд маргааш “Их буучид”-ын зүг одох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )