Конференц лигийн сонгон шалгаруулах шатанд Английн “Кристал Пэлас” талбайдаа Норвегийн “Фредрикстад”-ыг 1:0-ээр хожлоо. Энэ тоглолтод Эбэречи Эзе-г гараанд гарна гэж дасгалжуулагч Оливер Гласнер хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийлгэхдээ хэлсэн ч хүссэнээр нь болсонгүй.
“Өчигдөр худал хэлсэндээ та бүхнээс уучлалт гуйя. Эзе-г би энэ тоглолтод гараанд гарна гэж бодож байсан болохоор тэгж хэлсэн юм. Гэвч өөрөө над руу утасдаад “Бие тааруу байна” гэсэн болохоор тоглуулсангүй. Яагаад тоглоогүйг өөрөөс нь хэдэн хоногийн дараа та бүхэн асууна биз. Ер нь Эзе одоо манай багт дахиж тоглохгүй учраас түүний тухай ярих нь утгагүй” гэж Гласнер өгүүлсэн байна.

Эбэречи Эзе бага насны мөрөөдөл болсон “Арсенал”-даа очихоор гэрээ тохирчихсон тул энэ тоглолтод гарч эрсдэлтэй алхам хийгээд хэрэггүй гэж тооцсон байж болох юм. Хэрвээ гэмтчихвэл байдал амаргүй болно.
Харин “Бүргэдүүд”-ийн хувьд гол тоглогчоо наймааны цонх хаагдахын өмнөхөн явуулснаар орлох тоглогчийг яаралтай олох шаардлага тулгарлаа. “Бид хожуу наймаа хийлээ. Одоо наймааны цонх хаагдахад ердөө 10 хоног байна. Энэ хугацаанд орлох тоглогчийг олоход оройтсон ч байж мэднэ” гэж Гласнер өгүүлжээ.

Эзе явж буйгаас гадна бас хамгаалагч Марк Гүэхиг “Ливерпүүл” авахаар тэмүүлж байгаа. “Би нэг л зүйлийг сайн мэдэж байна. Хэрвээ Марк явчихвал “Фредрикстад”-ын эсрэг хариу тоглолт хийхээс өмнө бид хэнийг ч амжихгүй. Тиймээс үлдээх хэрэгтэй. Өнөөдөр хар л даа, хамгаалалтад Жефферсон Лерма гарлаа. Яагаад гэвэл бидэнд төвийн хамгаалагч байхгүй. Ийм байхад Марк явчихвал магадгүй би пүүз углаад талбайд гарахаас өөр аргагүй болох нь. Би чинь цагтаа төвийн хамгаалагч байсан хүн шүү дээ” хэмээн дасгалжуулагч Гласнер өгүүлжээ.

Тэгвэл “Кристал Пэлас”-ын эзэн Стив Пэриш “Манай клубын хувьд Эзе гайхамшгийг бүтээж өгсөн тоглогч байлаа. Амбиц зорилгоороо биднийг амжилтад хүргэсэн. Хаан таалал төгслөө, шинэ Хаан тавтай морил гэдэг шиг бид орж ирсэн мөнгөөрөө багийнхаа суурийг амжиж сайн тавих хэрэгтэй” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )