Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хөлбөмбөгч бүсгүйг дүүгийнх нь хамт “урвуулжээ”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 26

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хөлбөмбөгч бүсгүй гэх тодотголтой Хорватын 25 настай Анна Мариа Маркович АНУ-ын “Брүклин” клубт очихоор болсныг албан ёсоор зарлалаа. Ганцаараа ч биш төрсөн дүү Кикигийнхээ хамт очсон байна.

 

 

“Энд ирсэндээ сэтгэл их догдолж байна. Би гайхамшигтай сайхан газруудад өмнө нь тоглож үзсэн. Гэхдээ энэ хот, энэ клубын эрч хүч ирэнгүүт шууд мэдрэгдлээ. Мөн дүүтэйгээ хамтдаа ирсэн минь онцгой. Бид хоёр энд хөлбөмбөгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хичээнэ” хэмээн Анна Маркович өгүүлжээ.

 

 

Хорватын Сплитэд төрж, Швейцарт өссөн Анна Маркович “Цюрих”, “Грассхопперс”-т тоглож байгаад Португалын “Брага”-д 2024 оны зун очсон ч өнгөрсөн өвөл гэрээгээ цуцалсан юм. Энэ нь гэмтэлтэй холбоотой байлаа.

 

 

Анна Маркович Хорватын шигшээд 25 удаа тоглохдоо хоёр гоол оруулсан. Үзэсгэлэнтэй тамирчин бүсгүйг сошиалд олон мянган хүн дагадаг. Эмэгтэй хөлбөмбөгчдийг сошиалд доромжлох, шүүмжлэх хандлага маш их байдаг талаар ч хорват бүсгүй ний нуугүй ярьдаг юм.

 

 

“Эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгчдийг хүлээн авах, шүүмжлэх хандлага эрс ялгаатай. Жишээлбэл, би сошиалд бикинитэй зураг оруулбал маш их шүүмжлүүлж, адлуулдаг. Харин Эрлинг Холанд дотоожтойгоо зураг оруулахад хэн ч юу ч гэдэггүй. Уг нь тэр шүүмжлээд доромжлоод байдаг хүмүүс ялгалгүй харилцвал сайнсан.

 

 

Эмэгтэй хөлбөмбөгчид бид өөрсдийн тэгш эрхийн төлөө мөн залуу охид бүсгүйчүүдийг хөлбөмбөгт дурлуулахын төлөө зүтгэж яваа хүмүүс” хэмээн өгүүлж байлаа. Түүнийг мөн Португалын хөлбөмбөгч Криштиано Роналдогийн үнэнч дэмжигч гэдгээр нь хөлбөмбөгийн хүрээнийхэн мөн сайн мэднэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top