Мексикийн “Монтеррей”-д тоглож буй 39 настай испани хамгаалагч Серхио Рамос фанатуудаа нууц авъяасаараа цочоон, гайхшруулжээ.
Эх нутгаасаа хол, Латин Америкт аж төрж, замналаа үргэлжлүүлж буй хөлбөмбөгч наймдугаар сарын 31-нд анхны дуугаа олны хүртэл болгосон нь Cibeles нэртэй байлаа. Дууны нэр нь түүний олон цом өргөж баяраа фанатуудтайгаа хамтдаа тэмдэглэсэн Испанийн нийслэл Мадридын төв талбай Пласа-де-Сибелестэй шууд холбоотой юм. Дууныхаа дэвсгэр болгож замналынхаа агшнуудаас оруулжээ.
.jpg)
Фанатууд түүнийг 2020 онд “Реал Мадрид”-аас сэтгэл өмрөн явсан тэрхүү мөчөө санагалзан испани хэлээрээ дуулсныг шууд олйгосон байна. Дуунд “Одоо хүртэл сэтгэлийг минь өвтгөдөг ч чамд өдий хүртэл хэлээгүй юм надад бий. Чи намайг нис гэсэн болохоос би хэзээ ч явахыг хүсээгүй” гэх мэтээр гомдол тээсэн үгс гарч буй гэнэ.
Хэдхэн цагийн дотор дуучин Серхио Рамосын анхны бүтээлийг хэдэн сая хүн үзжээ. Гэхдээ таагүй хүлээж авсан хүмүүс олон харагдана. “Юм болгонд гол баатар болох гэлгүй, өөрийнхөө хэм хэмжээг мэдээч” гэж нэгэн бичсэн бол “Ээ бурхан минь, энэ юу вэ?” гэж өөр нэгэн уулга алджээ. Мэдээж, өмөөрөх ч хүн байлаа. “Дууг тань сонсоход бэлэн. Латин Америкийн шилдэг дууг бүтээгээрэй” гэж урам өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )