Роналдиньогийн хүү Английн нэг багаас хасагдаж, нөгөөд очлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 10

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг Роналдиньогийн хүү 20 настай Жоао Мендеш де Ассис Морэйра Испанийн “Барселона”-гаас явж, Английн клубт ирсэнээ аавынхаа нөлөөнөөс холж байж, нэр алдраа өөрөө олж авахыг хүссэнийх гэж тайлбарласан удаатай.

Рио-де-Жанэйрод төрж, “Фламенго”, “Васко да Гама”, “Крузейро”-гийн академид суралцахдаа эхний жилдээ Жоао Мендеш алдартай аавыгаа нууцалж байсан гэдэг. Хожмоо аавынхаа мөрөөр орж, Испанийн “Барселона”-тай гэрээ байгуулсан. Гэвч жил гаруйн дараагаар Английн “Бернли”-д очсон юм. Тэгвэл өнгөрсөн хавар “Бернли” Премьер лигт дэвшихдээ Жоао Мендешийг багаасаа хассан.

Гэлээ ч Англиас явахгүй гэсэн бодолдоо үнэнч байж, “Халл Сити”-тэй гэрээ байгуулсан гэнэ. Эхэндээ залуучуудынх нь багт тоглох ажээ. Зүүн жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд ихэвчлэн тоглодог Жоао Мендеш өөрийгөө ур чадвар сайтай, хурдтай тоглогч гэж ярьсан удаа бий гэнэ.

“Яадаг ч байлаа гэсэн Жоао чигээрээ л баймаар байна. Би хэзээ ч аав шигээ байхыг хүсэж байгаагүй. Хэзээ ч түүний нөлөөгөөр амжилтад хүрэх гээгүй. Тиймээс ч ааваас аль болох хол байж, өөрийн гэсэн замаар явж, бага ч гэсэн амжилтад хүрсээр ирсэн. Хүмүүс хөндлөнгөөс хараад хүсээгүй замаар минь явуулж, түүн шиг болохыг хүсэхгүй байхад болгох гээд байх шиг санагддаг.

Би ааваараа бахархдаг уу гэвэл тийм ээ. Миний аав бол Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг нь биш юм гэхэд шилдгүүдийн нэг нь. Ийм хүний хүү байх бахархам сайхан. Гэхдээ энэ бол миний л амьдрал. Тийм алдартай аавтай гэсэн дарамт мэдрэлгүй, түүн шиг байя гэлгүйгээр дуртай хөлбөмбөгөө тоглох дуртай” гэж Жоао Мендеш өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top