Килиан Мбаппэ: Би хүүхдээ хэзээ ч хөлбөмбөгч болгохгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 11

Францын шигшээ багийн түүхэн шилдэг мэргэн буучдын жагсаалтын аман хүзүүнд хэдхэн хоногийн өмнө гарч ирсэн 26 настай довтлогч Килиан Мбаппэ хөлбөмбөгийн ертөнцийг жигшим гэж мэдэгдлээ. Одоогоор албан ёсоор мэдэгдсэн хүүхэдгүй ч гэлээ ирээдүйд хүүхэдтэй болвол хэзээ ч хөлбөмбөгч болгохгүй хэмээн ярьсан байна.

“Би хөлбөмбөгийн ертөнцийг байгаа чигээр нь хүлээн авахаас өөр аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Харин амьдрал бол өөр. Амьдрал сайхан шүү. Харин хөлбөмбөг байгаа нь л энэ. Хөшигний ард юу болдгийг мэдэхгүйгээр стадионд ирж үзээд, таашаал аваад буцаж буй хүмүүсийг азтай л гэж хэлнэ. Чи үнэнийг хэлэхэд, би хөлбөмбөгт ингэтлээ автаагүй байсан бол жигшиж зэвүүцэх байлаа.

Бид ийм л ертөнцөд амьдарч байгаа. Үүнийгээ өөрчилж чадахгүй. Тиймээс ч би хүүхдээ хэзээ ч хөлбөмбөгч болгохгүй” хэмээн Испанийн “Реал Мадрид”-ын 10 дугаарт өгүүлжээ.

Жилийн өмнө Францын “Парис Сэн Жэрмэйн”-ээс явахдаа Мбаппэ хөдөлмөрийн гэрээний дагуу 55 сая евро авах ёстой байсан ч одоо хүртэл аваагүй тул хуучин клубтэй шүүхдэж байгаа юм. Харин Парисын клуб түүнийг “Реал Мадрид”-д очих сонголт хийснээрээ 55 сая еврогоосоо өөрөө татгалзсан хэмээгээд сөрж 98 сая евро нэхэмжлэн шүүхэд хандсан юм.

“Мөнгө их байх тусам асуудал их байдаг. Зарим хүмүүс амьдрал яаж өөрчлөгдсөнийг мэддэггүй. Бүр багын л ямар хүүхэд байсан, түүгээр нь төсөөлөөд байдаг шиг. Гэвч он цагийн эрхээр хүн өөр болно, нөхцөл байдал ч илүү адармаатай болдог. Надад үүрэг хариуцлага, ажил, тайлангаа тавих ёстой хүмүүс гэж байна.

Шүүх дээр байгаа асуудлын тухайд бол хөлийг минь дөрөөнд хүргэсэн “ПСЖ”-д хор хохирол учруулах гээгүй. Хөдөлмөрийн гэрээ гэж бий. Түүн дээр заалтууд маш тодорхой байгаа.Гэрээний дагуу л цалингаа авъя гэж байгаа юм. Тэрнээс “ПСЖ”-ийн эсрэг дайсагнаад байгаа юм байхгүй. Хөлс хүчээ шавхан ажилласныхаа цалинг л гэрээний дагуу авахыг хүссэн.

Хүмүүс намайг сайн мэддэггүй. Миний тухай мэдээллүүдийн ихэнх нь ор үндэсгүй байдаг. Хүн тэмцэлд цаг, хүчээ зарцуулахгүй бол хэзээ ч ялахгүй. Францын түүхэн дэх аугаа тамирчдын түүхийг харахад, амьдрал замналынхаа аль нэг цагт олон нийтэд чичлэгдэж, гоочлуулсан л байдаг юм билээ. Тэгэхээр энэ бол тохиолдох л явдал. Тиймээс би тоодоггүй.

Хүмүүс надаас ихийг хүсдэг. Би ч гэсэн өөрөөсөө ихийг шаарддаг. Бүтэлгүйтэлтэйгээ эвлэрэхийг хүсдэггүй болохоор шүүмжлэлд юм боддоггүй. Өөрөө өөртөө өндөр шаардлага, шүүмжлэлтэй ханддаг болохоор бусдын шүүмжлэлд тайван ханддаг” хэмээн өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top