Английн Ливерпүүл хотноо болж буй боксын ДАШТ-д Францын таван эмэгтэй боксчныг хүйс тогтоох шинжилгээний хариуг оноосон цагаас хоцроож өгсөн гэх шалтгаанаар хассан. Тэгвэл Нигерийн гурван тамирчныг мөн адил шалтгаанаар хасчээ.
75 кг-ын жинд өрсөлдөх ёстой байсан Нигерийн тамирчин Блэссинг Ораэквэ Дэлхийн аварга болох байсан гэж мэдэгдсэн байна. “Энэ тэмцээнд оролцож чадаагүйдээ үнэхээр их бухимдаж, шаналсандаа бараг үхэх нь. Хүчтэй тамирчин гэдгээ би мэднэ. Надаас илүү нь байхгүйг ч мэднэ. Хэрвээ оролцвол аварга болно гэдгээ ч мэдэж байсан. Тийм болохоор их гомдолтой байна. Гэвч энэ бол миний замын төгсгөл биш. Дараа жил гэж бий, дахиад олон тэмцээн байгаа” гэж Ораэквэ өгүүлжээ.

51 кг-ын жингийн Зайнаб Адешина “Тэмцээнд оролцоогүй минь их харамсалтай. ДАШТ-д оролцохоор болсон тухайгаа анх сонсоод мөн ч их баярласан юмсан. Харин одоо маш гунигтай болчихлоо. Алтан медалийн төлөө л зүтгэх байсан.
Одоо бол зүгээр хөгжилтэй байхыг хичээж байна. Наанаа инээвч, цаана зүрх минь зүсэгдчихсэн. Яагаад гэвэл ДАШТ-д оролцох гэж маш их бэлдсэн шүү дээ. Одоо ч давж гарч чадахгүй л байна” гэжээ.

Нигерийн Боксын Холбоо дүрэм журмын дагуу сорьцыг өгсөн ч лаборатори олон тамирчны шинжилгээн дээр ажилласан тул хугацаанд нь амжиж гаргаж чадаагүй ажээ. Тиймээс ч тэмцээнд оролцож чадаагүй тамирчдад нөхөн төлбөр олгох ёстой гэж Нигерийн Боксын Холбоо үзэж байгаа юм байна. Нөхөн төлбөрийн талаарх гомдлыг өнөөдөр World Boxing-ийн Гүйцэтгэх хороо хэлэлцэх гэнэ.

Франц, Нигеригээс гадна Филиппин, Фижи, Доминиканы БНУ, Куба зэрэг улсын тамирчдын шинжилгээний хариу хугацаандаа гараагүй юм байна. Харин Их Британид төрж өссөн Патрисиа Мбата шинжилгээгээ арай урьтаж өгсөн тул хариу нь амжиж гарсанаар Нигерийн өмнөөс ганцаараа оролцжээ.
Нигерийн Боксын Холбоо хоёр талын нислэгийн тийзний үнэ, зочид буудлын төлбөр, замын зардал зэргийг нөхөн төлөхийг World Boxing-оос шаардаад буйн зэрэгцээ дараагийн ДАШТ-д дээрх гурван тамирчныг урилгаар оролцуулах ёстой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )