Японы "Өвсний үндэс" төслийн хүрээнд Их-Уул сумын эрүүл мэндийн төвийг засварлав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 22

Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн их засварын ажил Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах тусламж"-ийн хөтөлбөрийн 712,2 сая төгрөгийн санхүүжилтээр 2024 оны 10-р сард эхэлсэн. Энэ сарын 21-нд уг төсөл амжилттай хэрэгжиж, нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Япон Улсын Элчин сайд Масарү Игавахара, түүний гэргий Эико Игавахара, 1-р нарийн бичгийн дарга Юко Мизуно, “Өвсний үндэс” төслийн ажилтан Ёшико Пужишита, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, сумын удирдлагууд оролцоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Их-Уул сум 8000 орчим хүн амтай, баруун аймгуудын ард иргэд дайран өнгөрдөг, Эрүүл мэндийн төв нь дуудлага, ачаалал, үйлчилгээ авдаг иргэдийн тоо ихтэй гэдгийг онцлоод, олон мянган иргэдийн эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт болж буй уг төслийг санхүүжүүлсэн Элчин сайд М.Игавахара болон төслийн багт баярласнаа илэрхийллээ.

Мөн тэрээр Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн санхүүжилтээр сүүлийн 20 жил Завхан аймагт найман тэрбум төгрөгийн 24 төсөл амжилттай хэрэгжсэн. Түүний нэг нь энэ төсөл болж байгаа ба, цаашид Япон Улсын Элчин сайдын яамтай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлэв.

Эрүүл мэндийн төвийн их засварт дээвэр шинэчлэх, гадна фасад хийх, бүх төрлийн дотор засал, дулааны болон цэвэр бохир усны шугам, агааржуулалтын системийг засварлаж, цахилгаан, харилцаа холбооны системийг шинэчилж, душ, дотор нойлыг ашиглалтад оруулах ажлууд багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top