Английн Лигийн цомын гуравдугаар шатанд “Ливерпүүл” талбайдаа “Саутхэмптон”-ыг 85 дахь минутад Уго Экитикэгийн оруулсан гоолоор 2:1-ээр хожиж, дараагийн шатанд шалгарлаа. Хэдийгээр багтаа хожил авчирч гавъяа байгуулсан ч гэлээ франц довтлогчийг дасгалжуулагч Арне Слот “тэнэг” гэж тодорхойлжээ.

Слотын үзэж буйгаар бол тухайн гоолыг оруулчихаад Экитикэ өмсгөлөө тайлж өмнөө барих бус харин гоё дамжуулалт өгсөн Федерико Кьезад талархлаа илэрхийлэх ёстой байсан гэнэ. Харамсалтай нь Экитикэ өмсгөлөө тайлсанаар хоёр дахь шар хуудсаа хүртэж, ирэх амралтын өдөр “Кристал Пэлас”-ын эсрэг тоглох эрхгүй боллоо.
“Тэгж өмсгөлөө тайлах ямар ч шаардлага байгаагүй. Тэнэг байна. Эхний шар хуудсаа ч мөн л дэмий юмнаас болж авсан. Нэг талаасаа бас л тэнэг гэж хэлж болохоор зан гаргасан. Юундаа тэгтлээ сэтгэл хөдлөлөө буцалгаад, ил гаргаад байдаг юм.
.jpg)
Хоёрдахь шар хуудсын тухайд бол Аваргуудын лигийн финалын тоглолтын 87 дахь минутад гурван өрсөлдөгчөө хуураад, 90-ийн буланд цохиж гоол оруулсан бол ойлгоё. “Би л чадлаа” гэсэн үйлдэл гэж зөвтгөе. Гэвч энэ удаагийнх бол тийм тоглолт биш. Гоол ч тийм биш. Хэрвээ би байсан бол Федерико Кьезад гоолын гоё дамжуулалт өглөө гэж гүйж очоод талархах байсан.

Гэтэл Экитикэ ямар ч шаардлагагүй, ухаалаг биш, өөрөөр хэлбэл тэнэг зан гаргалаа. Та тэнэг гэлээ тийм ээ. Би ч гэсэн тэнэг л гэж хэлмээр байна. Энэ шар хуудас ирэх амралтын өдрийн тоглолтод ч нөлөөлөх боломжтой” хэмээн Арне Слот өгүүлсэн байна.

Харин “тэнэг” гэх хоч зүүсэн Экитикэ “Багтаа ялалт авчирч чадсандаа сэтгэл их хөдөлж, баярласан байлаа. Миний хувьд Лигийн цомын талбайдаа хийж буй анхны тоглолт л доо. Тэгээд л сэтгэл хөдлөлөө хянаж чадсангүй. Би буруугаа бүрэн хүлээж байна” хэмээн өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )