ДЭМБ орон тоогоо цомхотгоно

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 22

Төсөв нь багассантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 1282 ажилтнаа цомхотгож байна гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебрейесус ДЭМБ-ын гишүүн орнуудад зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Тэрбээр мөн 2026-2027 оны төсвийн 1 тэрбум ам.долларын алдагдлыг нөхөх хөрөнгө олоход ДЭМБ-ын гишүүн орнууд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

“ДЭМБ-ын 2026-2027 оны төсөв багассантай холбоотой хийж буй бүтцийн өөрчлөлт бараг дуусч байгаа бөгөөд энэ үйл явцын туршид бид байгууллагын үндсэн чиг үүргүүдийг хадгалах, санхүү болон хүний нөөцийг эдгээр чиг үүрэгтэй уялдуулах, хүмүүсийг аль болох ажлаас халахгүй байхыг хичээж ирсэн. Бид ийм хандлага бариагүй бол 2900 ажилтныг халахад хүрэх байсан” гэж Гебрейесус тэмдэглэжээ.

ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 оны тавдугаар сард тус байгууллагын 2026-2027 оны төсвийг 4,2 тэрбум ам.долларын хэмжээнд баталсан юм. Хамгийн том доноруудын нэг болох АНУ тус байгууллагаас гарахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор анхандаа санал болгож байсан 5,3 тэрбум ам.долларын төсвийн төслийг эргэн харж, 21%-иар бууруулахад хүрсэн байна. АНУ 2026 онд ДЭМБ-аас албан ёсоор гарах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top