Хонконгийн Тай По дүүргийн орон сууцны хэд хэдэн өндөр барилга галд автаж, амиа алдсан хүний тоо 44-д хүрч, 45 хүний биеийн байдал маш хүнд байна. Мөн 300 орчим хүн ор сураггүй байна.
Хонконгийн цагдаа орон сууцны хороололд гал түймэр гарсантай холбогдуулан гурван хүнийг баривчилжээ. Тэдний хоёр нь тус барилгуудад засвар хийсэн компанийн удирдлага ба нэг нь зөвлөх инженер аж. Цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр, барилгуудад галын аюулаас хамгаалах дүрэм, нормд нийцээгүй тор, хөөс зэргийг ашигласан байжээ.
Тай По дүүргийн Ван Фук Корт 2000 айлын орон сууцны хороололд нийт 4000 орчим хүн оршин суудаг бөгөөд ихэнх нь өндөр насны оршин суугчид болохыг CNN онцолжээ. Эдгээр 31 давхар барилгад засвар хийж байсан бөгөөд хулсан модон тулгуурууд галд автсан байна. Гал сөнөөгчид галыг унтраахаар шөнөжин ажилласан бөгөөд одоогийн байдлаар хоёр барилгын дээд давхруудад хүрэхээр тэмцэж байна.



Сэтгэгдэл ( 0 )