|
Италийн Милан хотын 80 мянган хүний суудалтай “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпын XXV наадмын галт бамбар бадамлан аслаа. Олимпын нээлтийн ёслолд Монголын баг тамирчид эх орныхоо өв соёл, уламжлалыг орчин үеийн загвартай хослуулсан Goyol брэндийн хувцсаар гоёсон нь олны анхаарлыг ихээр татлаа.
Энэ тухай Америкийн The Wall Street Journal сайтад "Хэзээ ч өвлийн олимпоос медаль авч байгаагүй улс олимпод ноолуураар ялалт байгуулав. Монголын тамирчид нээлтийн ёслолд дэлхийн талыг эзэлж байх үедээ өмсөж байсан хувцаснаасаа санаа авсан хувцас, хэрэглэлтэй гарч ирэв.
Америкийн баг Ralph Lauren, Канад Lululemon, Итали Emporio Armani брэндээр гоёж, Милан-Кортинагийн наадамд оролцлоо. Гэсэн хэдий ч загварын нийслэл Миланы хамгийн загварлаг төлөөлөгчид нь морьтон дайчид, аугаа нүүдэлчид болох түүхэн дэх хамгийн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрний үеэс санаа авсан ноолууран цуглуулга өмссөн Монголын баг тамирчид байв.
Тийм ээ, тэд өвлийн олимпоос хараахан медаль хүртэж чадаагүй байгаа. Гэхдээ тэд эх түүхээрээ дамжуулан энэ удаагийн нээлтийн ёслолын ялагчид болж чадлаа" гэжээ.
Түүнчлэн "XIII-XV зууны Их Монголын эзэнт гүрний үеийн өв соёлоос санаа авсан уг загварыг дотоодын брэнд “GOYOL” урласан бөгөөд Монголын хүйтэн өвлийг илтгэх ноолууран материал, орчин үеийн силуетийг ашиглажээ.
Хувцасны үндсэн элемент нь монголчууд олон зууны турш өмсөж ирсэн өндөр захтай дээл бөгөөд уламжлалт нэхмэл, эсгүүрийг орчин цагийн дизайнаар дахин төсөөлсөн нь онцлог. "Хар хөх өнгө нь мөн нүүдэлчдийн бөө мөргөлийн итгэл үнэмшил дэх Мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн утгатай" гэж тайлбарлаж байна.
Үүнээс гадна Монголын багийн чөлөөт хувцаснуудыг зэрэг танилцуулсан бөгөөд уулын спортод тохирсон ноосон цамцууд нь нүүдэлчдийн уламжлалт сууц болох гэрийн дугуй хэлбэр, эсгий хийцийг санагдуулахаар болж чадсан нь үнэхээр онцлог" хэмээжээ.

.jpg)




Сэтгэгдэл ( 1 )
Цаадуул чинь тэгээд үнэхээр магтаад байна уу, эсвэл магтан матаад байна уу, учрыг нь сайн олсон юм байгаа биз дээ, хөөрцөглөхөд арай эрт биш үү