САЙХАН ТҮҮХ | Чернобыльд идээшилж буй МОНГОЛ тахь

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Цөмийн цахилгаан станц дэлбэрснээс хойш бараг дөчин жилийн дараа гамшгийн нурам дээр Монгол тахь идээшилж, олноор үзэгдэх болжээ. Цацрагийн хэмжээг нь хүн тэсвэрлэж чадахгүй дээрээ тулсан энэ нутагт дэлхийд ховорт тооцогдох Монгол тахь олноор идээшилж байгааг Ассошейтэд пресс агентлаг онцолсон байна. Адууны овогт хамаарах нэн ховор энэ зүйлийн амьтад яг одоо Чернобыль орчимд цацрагаар бохирлогдсон том талбайд бэлчээрлэж байгаа юм. Талбайн хэмжээг зүйрлэвэл Люксембургтэй дүйнэ.

Орхигдож, хоцорсон Чернобыль орчимд 15 жилийн дараачаас байгаль эх өөрийгөө нөхөн сэргээж эхэлжээ. Цацрагийн хэмжээ их болохоор өвс ногоо ч хурдан ургаж эхлэв. Чухам иймээс 1990-ээд оны сүүлээс эхлэн байгалийн олон янз байдлыг хадгалахын тулд олон амьтдыг туршилтын журмаар нутагшуулж эхэлсэн байна. Нэгэн цагт зэрлэг байгальд устаж үгүй болохын ирмэг дээр ирсэн Монгол тахийг 1998 онд байгаль хамгаалах туршилтын хүрээнд Чернобыль орчимд нутагшуулжээ. Тус бүс нутагт 1998-2004 оны хооронд Аскания Нова байгалийн нөөц газар болон орон нутгийн амьтны хүрээлэнгээс 36 бодгалийг нутагшуулсан байна. Олонх нь нутагшуулсны дараа үхсэн ч цөөн хэд нь хүрээлэн буй орчиндоо дасан зохицож, сүргийн тоо ч олон болоход нөлөөлсөн юм. Сүүлийн үеийн мэдээллээр нэг азарга, хэд, хэдэн гүүтэй сүрэг байх агаад энэ сүргийн тоо хэдэн арваар тоологддог.

Чернобылийн дэлбэрэлтийн бүсэд идээшилж буй тахь / 2026.04.08 / зурагчин Евгений Малолетка / AP

“Байгаль харьцангуй хурдан бөгөөд маш үр дүнтэй сэргэж байна. Үүнийг гайхамшиг гэж хэлнэ. Монгол тахь бол энэ гайхамшгийн нэг” 

Чернобылийн дэлбэрэлтийн бүсийн байгаль судлаач Денис Вишневский

 

Монгол тахийн сүргийн тоо толгойг хянахын тулд модонд нарийн мэдрэгч бүхий камер суурилуулжээ. Камерын мэдээллийг цуглуулах замаар сүргийн бүтцийг тодорхойлдог байна. Монгол тахь цацраг идэвхийн нөлөөнд дасан зохицсон боловч хулгайн ан, чононд бариулах зэргээр бодгалийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх зүйлс олон байна. Ялангуяа сүүлийн үед Орос-Украины цэрэг дайны ажиллагаа ихээр нөлөөлж, нисгэгчгүй дроноос үүдэлтэй ой түймэр ихээр дэгдэж байгаа нь тоо толгойд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийн нэг болжээ. Одоогоор Чернобыль орчмын тахийн тоо толгой тодорхойгүй байгаа ч сүүлд 2018 онд тоолоход 150 бодгаль байгааг тогтоосон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top