Чернобылийн атомын цахилгаан станцын хориотой бүс Европ дахь зэрлэг амьтдын хэмжээгээрээ хамгийн том амьдрах орчин болсон тухай “Proceedings of the Royal Society” сэтгүүлд бичжээ.
Эрдэмтэд тус хориотой бүс болон Украины хойд хэсэгт судалгаа хийх зорилгоор нийт 174 камер суурилуулжээ. Авсан мэдээллээс үзвэл, Чернобылийн хориотой бүс болон хөрш зэргэлдээх Древлянский дархан цаазат газар байгалийн олон янз байдлын “баян бүрд” болж, харьцангуй олон төрөл зүйлийн хөхтөн амьтад үүрлэсэн болохыг тогтоожээ. Бусад газруудтай харьцуулахад тэдний тоо толгой ч их байгаа аж.
Камерт голдуу шилүүс, чоно, буга, хандгай, тахь зэрэг хөхтөн амьтад бичигдсэн байна. Европт мөхлийн ирмэгт тултлаа агнуулсан хүрэн баавгай Чернобылийн ойг эзэгнэж байна. Түүнчлэн тус бүсэд 200 гаруй төрөл зүйлийг шувууд бүртгэгдсэнээс ихэнх нь тус тивд ховордсон төрөл зүйлүүд аж. 1998 онд 12-хон болж үлдсэн алдарт Пржевальскийн адуу буюу тахийн сүрэг өдгөө долоо дахин өсөж, дэлхий дээр хамгийн олон зэрлэг адуун сүрэг болжээ. Тахийн сүрэгт ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэд цацрагаар бохирдолд хамгийн ихээр өртсөн Улаан ойд бэлчиж байна гэж “Proceedings of the Royal Society” сэтгүүл онцгойлон дурджээ.
Чернобылийн хориотой бүсэд ийн амьтдын тоо толгой өсөж байгаа нь тус бүсэд хүмүүс амьдрахаа больсонтой холбоотой гэж судлаачид үзэж байна.
Чернобыль нь байгалийн гоо үзэсгэлэн хосолсон газар хэвээр байгаа төдийгүй цөмийн ослын дунд болон урт хугацааны нөлөөг судлах онцгой байгалийн лаборатори болж хувираад байна. Хүний үйл ажиллагаа зогссон үед байгаль хэрхэн нөхөн сэргээгддэг болохын бэлэг тэмдэг болжээ.


Сэтгэгдэл ( 0 )