Украины аялал жуулчлалын ТОМООХОН БҮС ЧЕРНОБЫЛЬ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Олон жилийн өмнө энд аймшигт осол гарсан боловч өдгөө энэ бүс Украины аялал жуулчлалын нэгэн нүүр царай, мянга мянган жуулчныг татах хэрэгсэл болчихоод байна. Энэ бол Чернобылийн хориотой бүс юм. Сүүлийн үед хориотой бүсийг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрээс аймшигт ослын үр дагаврыг сонирхохоор ирэх болжээ. Тэгвэл хориотой бүс юугаараа гадаадын жуулчдыг татах болсон хийгээд ямар үед энд аялахад тохиромжтой тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Чернобыльд хэчнээн хүн зочлов

Зөвхөн 2018 оны байдлаар хориотой бүсэд 72 мянган жуулчин иржээ. Харин энэ онд жуулчдын тоо өмнөх жилийнхээс 20 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа талаар Хориотой бүсийн асуудал эрхэлсэн төрийн агентлагийн тэргүүн Виталий Петрук мэдэгджээ. Жуулчдын тоо ийнхүү эрс өссөн нь Америкийн “НВО” сувгаар “Чернобыль” олон ангит кино гарсантай холбоотой гэж мэргэжилтэн тайлбарлаж байна.

Энэ кино АНУ-ын хамгийн шилдэг мини олон ангит киногоор шалгарсан билээ.“Жуулчдын тоо эрс өссөн. Ялангуяа “НВО”-гоор “Чернобыль” олон ангит кино гарсны дараа нэмэгдсэн” гэж энэ бүсэд аялал жуулчлал зохион байгуулдаг “Go2Chernobyl” компаниас ч мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, Чернобылийн бүс үргэлж олны анхаарлыг татдаг газар болсон бөгөөд энд зөвхөн гадаадын иргэд төдийгүй украинчууд ч сонирхож ирэх нь нэмэгдсэн гэнэ. “Чернобылийн хориотой бүс мэдээж гадаадын иргэдийн дунд эрэлт ихтэй газар болсон. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс ирж үзэх гадаадын зочдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гэхдээ сүүлийн үед аялалд оролцох хүсэлтэй манай улсын иргэд ч нэмэгдсэн” гэж “Chernobyl Exclusive Tours” гэх өөр нэгэн компаниас мэдэгджээ.

Чернобыль аялагчдыг татахтай зэрэгцээд Украины Засгийн газар ч энэ бүсийг аялал жуулчлалын төв болгох асуудалд анхаарч эхлээд байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский л гэхэд Сайд нарын танхимдаа энэ төлөвлөгөөг ойрын гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх хэд хэдэн үүрэг даалгавар өгчээ. Энэ хүрээнд Чернобылийн бүсийг дахин сэргээх, аялал жуулчлалын боломж болгон ашиглах нөхцөл бүрдүүлэх, алдаршуулах, “Аюулгүй Чернобыль” гэсэн брэнд-мессэж бий болгоход Засгийн газрын түвшинд анхаарч ажиллахаар болов.

Чернобыль руу ямар зорилгоор аялдаг вэ

Хориотой бүс рүү аялах шалтгаан янз бүр. Зарим нь цэвэр сонирхлоороо алдартай газарт хөл тавьж үзэхийг хүсдэг бол заримд нь түүх, ослын дурсамж сонирхол татна. Харин гурав дахь хэсэг нь кино, тоглоом дээр харсан, эсвэл номнон дээр уншсан газрынхаа уур амьсгалыг биеэрээ мэдрэх сонирхолтой. Ямар ч байсан хүн бүр өөр өөрсдийн сонирхлоороо ийш зорьцгооно.

Аялал жуулчлал зохион байгуулагч компаниудын мэдээлснээр Чернобылийг зорих гэж байгаа хүмүүс нэг ижил асуулт тавьдаг гэнэ. Олон хүн очиж болох газруудаа болон авч явах эд зүйлсээ асуудаг байна. Гэхдээ хамгийн чухал асуудал нь “Энэ аялал эрүүл мэндэд аюултай юу” гэсэн асуулт байдаг.

“Хүмүүс Чернобылийг зорих гэж байгаа бол энэ газрын түүх тэдний сонирхлыг ихэд татах нь ойлгомжтой. Мөхсөн хот Припять ямар харагддаг бол? Бунхныг нь нүдээрээ үзэж болох уу? Аварга цулбуурт загасыг хооллож болох уу? Алдарт алсыг харагчных нь дэргэд зургаа авахуулдаг уу? гэх мэтчилэн энэ бүсийг зорьсон хүн бүр үүнийг л хүлээж байдаг” гэж аяллыг зохион байгуулагчид ярьжээ.

Чернобылийн бүсэд компаниуд нэг өдрийн аялал зохион байгуулдаг байна. Мэдээж гадаадын иргэд дунд хоёр өдрийн хувийн аялал ч сонгох тохиолдол олон гэнэ.

Энэ бүсэд аялахдаа юу мэдсэн байх ёстой вэ

Хэдийгээр Чернобылийн аялал эрчээ авч байгаа ч энэ аялал улирлын чанартай гэнэ. Ялангуяа жуулчдын хамгийн олноор ирдэг улирал нь намар бөгөөд эхний цас орох хүртэл үргэлжилдэг. “Чернобылийн хориотой бүсэд аялах ид улирал нь дөрөвдүгээр сарын дундаас аравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг. Өвлийн цагт тийм ч идэвхтэй байдаггүй” гэж зохион байгуулагч нэгэн компаниас тэмдэглэсэн байна.

Ийм аялал зохион байгуулдаг компаниудын сайтаас ойрын өдрүүд дүүрэн аялагчтай байгааг олж харж болно. Тиймээс ийш нь зорих хүсэлтэй бол эртнээс бэлтгэх хэрэгтэй гэж анхааруулжээ.

Үнийн хувьд нэг өдрийн аялал цаг хугацаа, компаниасаа шалтгаалаад 800-1200 гривенийн хооронд хэлбэлздэг. Харин хоёр өдрийн хувийн аялал хийх хүмүүс нь 3000-аас дээш гривенийн төлбөр төлдөг гэжээ. Энд зарим газарт мэдээж цацрагийн хэмжээ маш их. Гэхдээ жуулчдын эрүүл мэндэд аюулгүй тусгай маршрут боловсруулж ажилладаг байна. Аяллын өдөр биед маш эвтэйхэн битүү хувцас өмсөж, биедээ ус, хоол хүнс, бичиг баримтаа авч явахыг шаарддаг гэжээ.

“Удаан үргэлжилсэн, уйтгартай аялал болох магадлалтай болохоор хоол хүнсээ базааж явах нь чухал. Түүнчлэн дагалдагчийнхаа заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй” гэж зохион байгуулагчид хэлжээ.

Э.Болд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top