Испани улс Чернобыльд цахилгаан станц барихад зориулж сая гаруй евро олгоно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Испани улс Украины Чернобылийн атомын цахилгаан станц байрлаж буй орхигдсон бүсэд нарны цахилгаан станц барихад зориулж улсын төсвөөсөө нэг сая гаруй еврогийн санхүүжилт олгохоор болжээ.

 

Тус хоёр улс Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн бөгөөд хэлэлцээр ёсоор Испанийн тал санхүүжилт олгох үүрэг хүлээсэн байна.

 

Испанийн экологийн яамнаас мэдээлснээр, төсөл боловсруулах шатандаа явж байгаа гэнэ. 2001 онд Киотогийн протоколыг соёрхон батлах талаарх яриа хэлэлцээний үеэр хөгжингүй улс орнууд байгалийн баялаг багатай улс орнуудтай хамтран байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хамтарсан төсөлд оролцох үүрэг хүлээсэн. Энэхүү тохиролцооны хүрээнд ЕХ-ны гишүүн улсууд болон Норвеги, Исланд, Канад, Шинэ Зеланд, Швейцар зэрэг улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төслүүдэд зориулан 2005 оноос эхлэн жилд нийт 410 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон юм. Энэ хүрээнд Испани улс Чернобыльд нарны цахилгаан станц байгуулахад зориулан хөрөнгө олгох юм.

 

2016 оны арванхоёрдугаар сард Украины байгаль орчны яам, Орхигдсон бүсийн хэрэг эрхлэх улсын агентлаг сэргээгдэх эрчим хүчний объект барих газар авах хүсэлт гаргахыг бизнес эрхлэгчдэд уриалжээ. Өнгөрсөн хугацаанд Дани, АНУ, БНХАУ, Герман, Франц зэрэг улсаас нийт 60 гаруй хүсэлт ирүүлсэн байна.

 

2018 оны сүүлээр Чернобылийн атомын цахилгааны станцын бүсэд жилд 1024 МВт/ц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай анхны нарны цахилгаан станцыг нээжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top