Чернобылийн мэлхийнүүд цацрагт тэсвэртэй болжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 10

 

Испанийн Овиедо их сургуулийн эрдэмтэд Чернобылийн хаягдсан бүсэд амьдардаг мэлхийнүүд өндөр цацрагт тэсвэртэй болсныг тогтоожээ.

Эрдэмтэд Hyla orientalis ойн мэлхийг судалгааны объект болгон сонгосон байна. Өмнөх судалгаагаар энэ төрлийн мэлхийн эрүүл мэндэд цацраг үйлчлэхээ больсныг илрүүлсэн бол энэ удаа цацраг ойн мэлхийн наслалт, хөгшрөлтийн явцад хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Сүүлийн судалгаа нь цацрагийн урт хугацааны нөлөөг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм.

2016-2018 оны хооронд эрдэмтэд Hyla orientalis төрлийн 200 гаруй эрэгчин мэлхийг барьж, тэдний булчин болон ясан дахь цезий, стронцийн агууламжийг хэмжжээ. Шинжилгээгээр, Чернобыль дахь цацраг тус амьтны нас болон хөгшрөлтийн явцад ямар ч нөлөө үзүүлээгүй байна. Түүнчлэн, цацрагаар бохирдсон орчин амьдарч байсан мэлхийнүүдийн кортикостерон дааврын түвшин эрүүл орчинд амьдардаг төрөл нэгтнүүдийнхтэй ижил байжээ. Кортикостерон даавар нь цацрагийн хордлогын хэмжээнээс шалтгаалсан стресст үзүүлэх хариу урвалтай холбоотой даавар юм.

Судалгааны дүнд эрдэмтэд Чернобылийн цацрагийн дунд түвшин мэлхийн бие организмд урт хугацааны хохирол учруулаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top