Хантавирус: Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцогч нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
59 минутын өмнө

Хантавирусийн халдвар дэгдсэн “MV Hondius” хөлөг онгоцны зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцсон Испанийн Иргэний гвардийн алба хаагч нас барсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус баталжээ. Үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс болохыг тогтоосон байна.

Хантавирусийн Андес омгоор халдварласан нийт есөн тохиолдол батлагдсанаас гурван нас баралт бүртгэгджээ.

Түүнчлэн, Андес омгийн генийн шинжилгээ хийсэн байна. Генетикч Дмитри Пруссын мэдээлснээр, халдвар авсан зорчигдоос авсан сорьцын шинжилгээ хантавирусийн Андес омог болохыг тогтоосон. Гурван өвчтөний сорьцод хийсэн шинжилгээгээр вирусийн генийн дараалал бүрэн тохирсон байна. Хоёр өвчтөнд хэд хэдэн мутац илэрсэн байна. Пруссын үзэж буйгаар, 2018-2019 онд Аргентинд дэгдэж байсан халдварын дүр зурагтай нийцэж байгаа бөгөөд Андес омог нь хүнээс хүнд халдварладаг болохыг баталж байна. Хэрэв зэрлэг мэрэгчдээс халдвар авсан бол вирусийн дараалал илүү өөр байх байсныг Прусс онцолжээ.

Хөлөг онгоцны тохиолдлын хувьд халдварын далд үе дунджаар гурван долоо хоног байжээ. Анхны өвчтөнөөс 6-7 хүн халдвар авсан байх талтай. Ингэхдээ биед хүрэх бус хөлгийн нэг бүсэд хамт байснаар халдвар авсан байх гэж Прусс үзэж байна.

2018-2018 оны тохиолдол тусгаарлах арга хэмжээг шуурхай авснаар халдварыг зогсоох боломжтойг харуулсан. Тиймээс энэ удаагийн тохиолдолд тусгаарлах арга хэмжээ үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Хамгийн гол шуурхай байдал нас баралт, халдварын хүнд хэлбэрээс хамгаалахад чухал болохыг шинжээч онцолсон байна.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top