Францын Бордоо далайн боомтод байгаа “Ambition” аяллын хөлөг онгоцны 1200 гаруй зорчигч, багийн 500 гаруй гишүүнийг хөлөг дээр тусгаарлаад байна.
Хөлөг онгоц дээр норовирусийн шинж тэмдэгтэй зорчигч /90 настай/ нас барсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Норовирус нь гастроэнтерит буюу ходоод, гэдэсний онцгой халдварт өвчин бөгөөд бөөлжих, суулгах шинж тэмдгээр илэрдэг байна.
“Ambassador Cruise Line” компанийн мэдээлснээр, нас барсан зорчигчид ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд түүний үхлийн шалтгааныг шүүх эмнэлгээр хараахан тогтоолгоогүй байна.
Хөлөг онгоц дээр байгаа 50 орчим хүнд норовирусийн шинж тэмдэг илрээд байгаа тухай Францын эрүүл мэндийн яам мэдэгджээ.
“Ambassador Cruise Line” компанийн хөлөг онгоц мягмар гарагт Бордоо боомтод ирэх үед зорчиг нас барсан байжээ. Хөлөг онгоц тавдугаар сарын 6-нд аяллаа Шотландын арлуудаас эхэлж, Белфаст, Ливерпулээр дайран гарчээ. Бордогоос тус аяллын хөлөг Испанид хүрэх ёстой байжээ.
“Ambition” хөлгийн зорчигчдын дунд норовирусийн халдвар Ливерпулээс гарсны дараа ажиглагдаж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 11-нд Брестэд байх үед ид оргил үе нь таарчээ. Зорчигчдын ихэнх нь Их Британи, Ирландын иргэд буйг AFP агентлаг тодруулжээ.
Түргэвчилсэн тестийн хариу сөрөг гарсан ба Бордогийн лабораторид дахин шинжилгээ хийж байгаа аж. Францын эрүүл мэндийн яам хүнсний бүтээгдэхүүнээс хордсон байх шинж тэмдэг илэрснийг үгүйсгэхгүй байна. Харин “MV Hondius” хөлөг онгоц дээр дэгдсэн хантавирустэй холбоогүй гэж Францын эрх баригчид мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )