Хил хамгаалалтад шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд хамтарч ажиллана

Я.Болор | Zindaa.mn
25 минутын өмнө

Хил хамгаалах ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа 2026 оны тавдугаар сарын 22-ны өдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн тэргүүтэй удирдлагууд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Т.Намнан тэргүүтэй салбар сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар оролцсон юм.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал хийх, хил хамгаалалтад шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлэх зорилгоор судалгааны лаборатори байгуулах, оюуны өмчийн хамтарсан бүтээл гаргах, хилчин инженерүүдийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, хил хамгаалалтад шаардлагатай мэргэжлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангахад зориулан программ хангамж, техник технологийг зохион бүтээх, хиймэл дагуул, утасгүй холбоо болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн кибер халдлага, зөрчлийг илрүүлж таслан зогсоох мэдээллийн системийг хөгжүүлэх, хилийн зурвас, бүсэд орших түүх, археологийн дурсгалуудыг бүртгэлжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих чиглэлээр хамтын ажиллагааг явуулж, цаашид хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top