ШУТИС-ийн хамт олон “Халуун дулаан гэр бүлд-Бид хамтдаа” аяныг нэгдүгээр сарын 15-аас эхлэн 45 хоног зохион байгуулаад байна.
Тус аяныг ШУТИС-ийн халуун дулаан гэр бүлийн нэгэн гишүүн болох мэргэжилтэн Ш.Доржсүрэн, мэргэжилтэн Б.Цэвэлсүрэн нарын бага хүү Д.Мөнхмэндийн эмчилгээний зардлыг бүрдүүлэх зорилготой явуулж байна. Д.Мөнхмэнд гурван ойтой, тархины хавдрын хүнд оноштой. Хүүд нийт 170 сая төгрөгийн өртөгтэй хагалгаа хийргэх шаардлагатай байна.
Сайн дурын аянд ШУТИС-ийн нийт хамт олон, эрдэмтэн, багш нар нэг өдрийн цалингаа хандивлажээ. Тус сайн дурын аянд ШУТИС-ийн оюутны холбоо, оюутны клубүүд, оюутан залуус нэгдэж, хандивын тоглолт, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал, тус аянд нэгдсэн “ШУТИС-ийн Шаркс” сагсан бөмбөгийн багийн тамирчид “Wach party sharks” тоглолтыг Спортын төв ордонд зохион байгуулав. Тус тоглолтод дээд лигийн эрэгтэй, эмэгтэй тамирчид, “ШУТИС-ийн Шаркс” багийн 1985 оны тамирчид болон ШУТИС-ийн багш нарын 45+ тамирчид оролцож, тоглолтын бүх орлогыг “Халуун дулаан гэр бүлд-Бид хамтдаа” аянд хандивлажээ.
Мөн хөдөө орон нутагт байгаль, цаг уурын онцгой нөхцөл, зудын эрсдэл үүссэнтэй холбогдуулан “Малчдадаа туслах аян”-ыг эхлүүлж, малчин өрхийн суралцагчдыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хичээлээс түр чөлөөлөх, мөнгөн хандив бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна. ШУТИС-ийн оюутнуудын зүгээс малчдад хэрэгцээтэй малын нэмнээ, дулаан хөнжил гэх мэт эд материалын тусламж цуглуулах аяныг эхлүүлэх санаачилга гаргаад байна. Их сургууль, багш нарынх нь зүгээс шаардлагатай байгаа хүмүүнлэгийн аянуудыг зохион байгуулах, оролцох ажлыг хийж байгаа нийт оюутнууддаа талархан, идэвхтэй дэмжихээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хүнд хагалгааны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг болсон гээд байсан яасан бэ? Бас хорт хавдрын эмчилгээний үардал үнэгүй гэсэн байх шүү. Асууж хөөцөлдөөд үзээрэй.
Монголчуудаа дэмжицгээе