Боловсрол, шинжлэх ухааны яамны “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 4,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 64 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ШУТИС-д өнөөдөр албан ёсоор, бүртгүүлэн хүлээлгэн өгч, зарим тоног төхөөрөмжүүдийг олон нийтэд нээлттэйгээр дэлгэн үзүүллээ.
Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулж, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулан туршилт судалгааг олон улсын түвшинд хийх, багш, судлаачдын сургалт, судалгааны чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төслийн зүгээс үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хэрэгцээ шаардлагад үндэслэн салбар 4 сургуулийн 15 лабораторид нийт 4,1 сая ам.долларын (11,2 тэрбум төгрөг) өртөг бүхий 107 нэр төрлийн 1434 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2019 онд багтаан нийлүүлсэн юм. ШУТИС-д өнөөдөр хүлээлгэн өгч байгаа болон цаашид төслийн хүрээнд нийлүүлэгдэх сургалт, судалгааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар, туршлагатай техник технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсдаа бэлтгэхэд бодит хувь нэмэр болох юм.
Сэтгэгдэл ( 0 )