ДАШТ-2026 | Арлын жижиг улс Европын аваргуудтай тэнцлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-нд анх удаа оролцож буй 500 мянга орчим хүн амтай Кабо Верде улс Европ тивийн аваргуудтай тэнцлээ. Ингэснээр энэ улсын хувьд түүхэн мөч тохиож байна. Тэмцээн эхлэхэд дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан Испани ийнхүү тэнцсэнээр гуравдугаар байр руу ухарлаа. Харин түүхэн оноогоо авсан Кабо Верде гурван байр ахиж 64-рт эрэмбэлэгдэж байна.

Тоглолт эхнээсээ л Испанийн давамгайлал дунд өрнөсөн. Гоолын боломж, бөмбөг эзэмшилт илүү байсан ч Кабо Верде байрласан хамгаалалт, хамгаалалтын ойлголцол маш сайн гэдгээ дэлхий дахинд харуулсан юм. Эсрэгээрээ Испанийн шигшээ багт Ламин Ямаль ус агаар мэт үгүйлэгдэж байлаа. Нэг ёсондоо эсрэг багтаа уншигдхаар тоглосон гэсэн үг. Хэдийгээр Кукурелла, Ферран Торрес нар гоолын хэд, хэдэн боломж үүсгэсэн ч гоол болгож чадаагүй. Кабо Вердегийн 40 настай хаалгал Возиньягийн гайхалтай хаалтуудыг энд дурдах нь зүйтэй. Ялангуяа Оярзабалын бараг орж явсан бөмбөгийг хааж, гоолын дайтай хаалт гүйцэтгэсэн.

Ийнхүү Португалийн хоёрдугаар лигт тоглодог 40 настай хаалгач Возиньягийн ачаар Кабо Верде ДАШТ-ний анхны оноогоо авлаа. Зах зээлийн үнэлгээ нь 50 мянган евро. Энэ мөнгийг Эрлинг Холанд таван цагт л олдог.

Хоёрдугаар хагас ч яг энэ дүр зургаар үргэлжилсэн. Кабо Вердечүүд байрласан хамгаалалтаа зохион байгуулалттай гүйцэтгэж, эсрэг багийн довтолгоонд хана хэрэм мэт л байлаа. Цөхрөнгоо барсан Де ла Фуенте формоо олж амжаагүй Ламин Ямалийг арга буюу талбайд гаргав. Тэр талбайд гармагцаа л унтаад байсан Испанийн довтолгоог сэргээсэн. Ялангуяа Микел Меринод дамжуулалт өгсөн ч цаадах нь үр дүнтэй болгож чадаагүй. Возинья энэ тоглолтод найман хаалт гүйцэтгэсэн. Испанийн гоол орох магадлал 2-оос илүү байсан нь Возинья ямар гайхалтай тоглосныг илтгэнэ. Тийм ч учраас энэ тоглолтын шилдэг тоглогчоор Возинья тодорсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top