Засгийн газар молиго үмхүүлчхэв үү

Б.Сэцэн | Zindaa.mn
53 минутын өмнө

Өнөөдөр Засгийн газар хөөрхөн молиго үмхүүлчихлээ. “Оюутолгой”-гоос авах гурван их наяд төгрөгийн хоёр их наядыг нь нийгэм, дэд бүтцийн суурь асуудлыг шийднэ гэж тооцоод хуулийн төсөл боловсруулсан. Сүрийг “И-Монголиа” системээр үзүүлж, иргэдээс санал асуулга авч эхэлсэн. Энэ хооронд Ардчилсан намынхан эрх баригчдын шидэт дохиурын үүргээ гүйцэтгэж бэлнээр тараая, ахмадуудад нэг удаа таван сая төгрөг тараая ч гэж попорч үзэв. Ах намын буугүй анчин О.Батнайрамдал ч хөмсөг зангидаж, шүдээ зууж байгаад бэлнээр тараа гэж үзэв. “Оюутолгой”, “Онтре”-гийн асуудлаар байнгын хорооны хурал дээр ч Сангийн сайдтай түр тар хийгээд амжсан. Захиалсан дуугаа ийнхүү аялах боломж олдсон тул Засгийн газар энэ сүртэй хуулийн төслөө эргүүлэн татлаа.

Ер нь ч тэгээд алаагүй баавгайн арьсыг хувааж авах мөрөөдөл байсан юм биш үү гэж бодоход хүрлээ.

Эрх баригчид тэгвэл хоёр их наяд төгрөг гэдгийг яаж тооцоолсон болж таарах вэ. Зүгээр л хэлж үзсэн юм аа гэдэг тоглоом байсан юм уу. Тэдний тооцоолсон гурван их наядын хоёр их наядыг нь нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудалд шууд чиглүүлсэн. Эрчим хүчний салбарт 40% буюу ойролцоогоор 800 орчим тэрбэм төгрөг төсөвлөж. ДЦС V, VI 10 аймгийн төвийн станц бла, бла гээд явж өгнө. Үлдсэн 29% буюу 580 орчим тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулна. Одоо 31% үлдсэн. Ойролцоогоор 620 орчим тэрбум төгрөг. Үүнийг нь боомт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд гээд бусад салбарт зарцуулахаар болж. Дэлхийн бусад улсад ийм жишиг байдаг л даа. Норвеги, Чили, Арабын нэгдсэн эмират гээд байгалийн баялгийн өгөөжөөрөө асар том бүтээн байгуулалт өрнүүлдэг улсууд байна. Гэтэл манайд энэ бол анхны тохиолдол. Эрдэнэтийг эс тооцвол шүү дээ. Ялангуяа нэг компанийн ногдол ашгийг ийм богино хугацаанд төвлөрүүлээд, шууд төсвийн шинж чанартай төслүүдэд хөрөнгө оруулах гэж байгаа нь дотоодын нөөц бололцооны хувьд ойрд байгаагүй л зүйл юмдаг. Өөдрөгөөр харахад гүний уурхайн үйлдвэрлэлийн гарц нэмэгдэж, компанийн зээлийн дарамт буурах үе шаттай давхцаж буй нь тодорхой хэмжээний ногдол ашиг хуваарилах боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

Гэвч нэг но байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш, үйлдвэрлэлийн гарц ямар байхаас шалтгаалж 3 их наяд орж ирж ч болно. Үүнээс доогуур ч байж болно. Огт ирэхгүй ч байж болно. Огт ирэхгүй бол тэгээд дуусаа. Төсөв дахиад тодотгоно. Тодотгоод болохгүй бол гаднаас зээл авна. Бонд босгоно. Тэгээд болохгүй бол байдгийнхаа баруун хаяаг бараадна. ОУВС-ыг арваад жилийн өмнө бараадаж байлаа. Муухай царайлаад бараадаж ч болно. Болж бүтээд гурван их наяд ороод ирэг. Гэвч ийм богионо хугацаанд зах зээлд энэ их хэмжээний бэлэн мөнгө цутгах нь дотоодын зах зээл дээр бараа, үйлчилгээний үнэ өсөх, инфляцын дарамтыг иргэдийн нуруун дээр май гээд овоолж байгаагаас өөрцгүй. Юун тэр Монголбанкны мөнгөний хатуу бодлого, тооцоолсон төсөөлөл.

Засгийн газар иргэдийн дансанд байршуулна. Гэхдээ 2030 оноос хойш л ашиглана. Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд л зарцуулж болно. 

Сангийн сайд өнөөдөр ингэж хэлсэн. “Иргэд  e-Mongolia-гаар дамжуулан цахим гарын үсгээрээ саналаа өгөхөд 56 мянга орчим иргэн "Оюу толгой"-н ногдол ашгаа Хуримтлалын сандаа хадгалах, Хуримтлалын сангаараа дамжуулан ирээдүйд боловсрол, эрүүл мэнд, ипотектоо зарцуулъя гэсэн санал өгсөн. Санал асуулгын үр дүнд харгалзан үзээд энэ хуулийг эргүүлэн татахаар Засгийн газар шийдвэрлэлээ” гэж. Иргэдийн хуримтлалын дансанд багцаа тооцоогоор 857 мянган төгрөг байршина. Тэгээд яах юм. Шууд гарч гүйгээд мөнгөө зарна гэж үү. Үгүй. Энэ мөнгийг 2030 оноос хойш л ашиглах боломжтой болно. Гэхдээ зөвхөн эрүүл мэнд, орон сууц, боловсрол гэсэн гурван салбарт л зарцуулна. Бэлэн мөнгө болгоод цацахгүй гэсэн үг. Бэлэн мөнгө тараахгүй ч дансанд чинь байна. “И-Монголиа”-гаа нээгээд хармагц л харагдах хэдэн тоо болно гэсэн үг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top