Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Засгийн газарт команд өглөө. Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд оруул гэв. Командаар болдог бол ч сайхан л даа. Бодлогоор иргэдээ дарамталдаг манай төр май гээд мөнгө тараавал хэчнээн гоё байхав. Гэвч үгүй юм. Хууль эрх зүйн орчноосоо ч, зах зээлийн зарчмаараа ч, Оюутолгойн сүүдэртэй талуудыг харсан ч ногдол ашгийг май гээд өгчих боломж нь алга. Ер нь тэгээд ч Оюутолгой хэдэн төгрөг өгөх нь тодорхойгүй байгаа.
Команд өгөхөөс өмнө
Өнөөгийн хууль эрх зүйн орчинд Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шууд шилжүүлэх эрх зүйн боломж алга. Одооогоос хоёр жилийн өмнө батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар уул уурхайн салбараар орж ирэх орлого (төрийн эзэмшлийн ногдол ашиг) хуримтлалын сан, ирээдүйн өв сан, хөгжлийн санд хуваарилах зохицуулалттай. Boo Хуримтлалын сан гэдэг нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтэд зориулалттай. Ирээдүйн өв сан нь ирээдүй хойч үедээ хуримтлуулна. Хөгжлийн сан нь дэд бүтэц, стратеги, томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд зориулна. Тухайн мөнгийг шууд захиран зарцуулах боломж байхгүй. Тийм ч учраас Засгийн газраас хөгжлийн санд төвлөрүүлээд төслүүдэд зарцуулъя гэхэд иргэдийн саналыг үндэслээд хуримтлалын санд төвлөрүүлсэн.
Үндэсний баялгийн сангийн хуулиар ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараах зохицуулалт байхгүй. Тэгээд ч "Оюу Толгой"-н шууд хувьцаа эзэмшигч нь ард түмэн биш.
“Оюу Толгой” ХХК-ийн шууд хувьцаа эзэмшигч нь иргэд биш. Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу Толгой” ХК-иар дамжуулан 34 хувийг эзэмшиж байна. Тиймээс төрд төвлөрөх ёстой ногдол ашиг нь төрийн өмчийн орлого болж улмаар батлагдсан төсөв, баялгийн сангийн хууль тогтоомжийн дагуу хуваарилагддаг.
Оюу Толгойн сүүдэр
Засаг төр романтик уянгын халилтай байж болно. Гэхдээ бодит байдал өөрийг хэлж байна. Уг нь ч нэгэн цагт байдал сайхан л байв. Зэсийн ханшийн таамаглалыг Дэлхийн банк өсгөөд л, зэсийн ханш түүхэнд байгаагүй рекорд тогтоогоод л, Рио Тинтогийн зэсийн салбар эхний хагас жилд ашигтай гараад л... Гэтэл уянга үргэлжилж, аваагүй ногдол ашгаа тараана, тараахгүй гэж маргаж байх зуур бүх зүйл орвонгоороо эргэлээ. Нэн түрүүнд БНХАУ-ын Ганцмод боомтод засвар хийж байгаатай холбоотойгоор “Оюу Толгой”-н зэсийн баяжмалын экспорт огцом буурсан. Жирийн үед “Оюу Толгой”-н баяжмал 12-13 цуваа гардаг байсан бол одоо 4 хүрэхтэй үгүйтэй болж буурчихсан. “Оюу Толгой” компанийн захиралын хэлж байгаагаар борлуулалтынхаа ¼-ийг л хийж байгаа. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл компанийн үйл ажиллагаа, татвар, АМНАТ, ногдол ашигт ч сөргөөр нөлөөлнө.
Хятадын талаас шалтгаалан зэсийн баямжалын экспорт буурч, гүний уурхайн үйл ажиллагааны саатлаас шалтгаалан Рио Тинто компанийн хувьцаа унасан байдалтай байна.
Дээрээс нь өчигдрийн арилжаагаар Рио Тинто компанийн хувьцаа 1.2% унасан тухай investing.com цахим хуудас мэдээлсэн. Энэ нь Оюу Толгойн гүний уурхайд газар хөдлөлийн чичирхийлэл үүсэж, үйл ажиллагаа нь түр саатсантай холбоотой. Хэдийгээр Рио Тинтогийн зүгээс үйл ажиллагаагаа үе шаттайгаар сэргээнэ гэж байгаа ч хөрөнгө оруулагчид үүнд болгоомжтой хандаж байгаа тухай дээрх цахим хуудаст давхар нийтэлсэн байна. Хувьцаа нь ч унаад, баяжмалын экспорт ч тасалдаад ирвэл юун ногдол ашиг манатай л юм болох нь.
Команд өгсөн гүйцээ!
Ерөнхийлөгчийн өрөөнд ороод толгой бөхөлзөх ч яахав. Гарч ирээд хэлсэн Сангийн сайдын үг эрхгүй анхаарал татна. Сангийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Ерөнхийлөгч ЗГ-т чиглэл өгсөн тулд хуульд өөрчлөлт оруулж таарах нь” гэж. Бэлнээр тараах нь буруу, ирээдүйн төсөлд зарцуулах гэж байхад иргэд санал өгөөд болиулчихлаа гэж байсан Сангийн сайдын үг нь ч, үйлдэл нь ч алд дэлэм зөрж байна. Сангийн сайдын хэлснээр бол Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж таарах нь. Засгийн газрын дунд болон урт хугацааны зорилго ч будаа болно. Эрчим хүч, боловсролын салбарт реформ хийхээ бүр болино. Мега төслүүд ч мега үлгэр болно. Дараа, дараагийн хэдэн үе дамжин энэ үлгэрээ ярина. Гагцхүү 10 мянган төгрөг болно гэсэн Ерөнхий сайдын үгний нөлөөлөл арилаагүй байна. Тэртээ тэргүй хэцүү байгаа эдийн засагт инфляц айл өрхийг бүрхээд ирлээ.
Зөвхөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөөд зогсох холбогдох төсвийн хууль болон бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт орж таарах нь ээ.
Сөрөг урвал
Үндсэн хууль, засаглалын хэм хэмжээг мартаад, “Оюу Толгой”-н асуудал шийдэгдээд бэлэн мөнгө тараалаа гэж бодъё. Шанаа нь харин бидэн дээр бууна даа. Инфляци гипрдэж, мөнгөний ханш унана. Зах зээлд ямар нэгэн бодит бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нэмэгдэхгүйгээр шууд бэлэн мөнгө гэнэт цутгана гэдэг нь эрэлтийг өдөөнө. Худалдаа эрхлэгчид болон бизнесийнхэн иргэдийн гар дээр бэлэн мөнгө байгааг мэдэрмэгцээ бараа, үйлчилгээний үнээ шууд өсгөнө. Ингэснээр иргэдийн тарааж авсан хэдэн төгрөг үнэгүйдэж, өргөн хэрэглээний бараа, мах гурил, шатахуун болон түрээсийн үнэ тэнгэрт хадаж, хамгийн түрүүнд ядуурлыг нэмэгдүүлдэг.
Монгол Улс дотооддоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, машин тэрэг, цахилгаан барааныхаа дийлэнхийг гадаадаас импортоор оруулж ирдэг. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө очмогц гадаад бараа авах худалдан авалт эрс нэмэгдэнэ. Гадаадаас бараа авахын тулд амдоллар гадагшаа урсах бөгөөд энэ нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг унагаж, валютын хомсдол үүсгэх аюултай.
Оюу толгойн ногдол ашиг бол жил бүр яг ижил хэмжээгээр орж ирдэг тогтмол цалин биш. Дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш, олборлолтын хэмжээнээс шалтгаалж хэлбэлздэг. Хувь хүмүүс болон улс орон тогтмол бус гэнэтийн орлогоо түшиглэн амьдралын хэв маяг, зээл амлалт болон төсвийн байнгын зарцуулалтаа өсгөчихвөл, дараа жил нь ногдол ашиг буурахад эдийн засаг шууд хямрах орох эрсдэлтэй.
Бүтээлч үйлдвэрлэлийн үнэр ч үгүй Монгол Улс байгаа хэдээ /байх нь ч эргэлзээтэй/ цацсаар байвал инфляц цойлно. Сансарт Ж.Гүррагчаа ниссэнээс хойш анх удаа инфляц гээч юм агаар мандлаас гарах дээрээ тулна.
Улстөрчид оноотойгоо, ард түмэндээ төгрөгтэй үлдэж болох ч өнөөх нь 8 төгрөгний бодит худалдан авах чадваргүй болсоор дараагийн ногдол ашгаа хүлээгээд сууна. “Оюу Толгой”-д одоо үүссэн экспортын тасалдлыг шийдвэрлэхийн оронд бэлэн мөнгө тараана гэж командалж байгаа нь мань хэдийгээ маллаад сурчихсан л хэрэг...
Сэтгэгдэл ( 0 )