Эрүүл нярай төрсний дараа төрөлхийн мэдрэмжээрээ хоол хайж эхэлдэг.
Хүүхдийг төрсний дараах 30 минутаас 1 цагийн дотор багтаан амлуулж , дараа нь хүүхдийг хүссэн үед нь аль болох олон удаа хөхүүлнэ.
Хүүхдээ сайн хөхүүлэхийн тулд зөв амлуулах нь чухал.
Яагаад зөв хөхүүлэх шаардлагатай вэ?
Хүүхэд хөхөө хөхөхдөө хөхний толгой , нөсөөт хэсгийг хамт үмхэх ёстой.
1. Хүүхдэд зөвхөн хөхний толгойг үмхүүлбэл сүү хураах хөндийд даралт үүсэхгүй тул хүүхэд их хүч гаргаж байж жаахан сүү хөхнө.
2. Сүү бага гарснаар хүүхэд хөхөө голж уйлахад эх өөрийгөө сүү муутай гэж бодсоноос сүү татарна.
3. Хөхөх үед хүүхдийн тагнайд хөхний толгой хүрэхгүй бол рефлекс муу үүсэж хүүхэд сайн хөхөж чадахгүй.
4. Хүүхэд дутуу хөхсөнөөс хөхөнд сүү үлдэж дахин хөхөнд сүү үүсэх боловсрох нь багасна.
5. Буруу хөхсөнөөс хөхний тогой хагарч өвчин орж хөндүүрлэснээс эх хүүхдээ хөхүүлэхээс түвэгшээнэ.
Хөхөө зөв амлах 4 шинж байдаг
Хүүхдийг яагаад 30 минутын дотор амлуулах шаардлагатай вэ?
1. Хүүхэд төрсний дараа эхний 20-30 минутад харьцангуй сэргэлэн идэвхитэй байдаг. Энэ үеийг ашиглан ангир уургийг нь амлуулан хөхүүлэх шаардлагатай.
2. Хөхний сүүний боловсролтыг сайжруулдаг даавар пролактиний хэмжээ хүүхэд төрсний дараах эхний 20-30 минутанд дээд цэгтээ хүрдэг. Хүүхдийг хөхүүлэх тусам энэ дааврын ялгаралт сайжирна.
3. Эх хүүхэд 2 аль болох эрт холбоотой байх тусам 5 мэдрэхүйн хөгжил хурдасна.
4. Эрт амласнаар зунгаг хурдан гадагшлана. Хүүхдийн биед шарлалт үүсдэг бодисыг ихээр агуулсан зунгаг биед буцаж шимэгдэхээс сэргийлж хүүхдийн бие шарлах нь багасна.
5. Эхтэйгээ эрт хүрэлцэхэд хүүхдийн ходоодонд эрт орсон иммуноглобулин нь эхийн биеэс авсан нянг эсэргүүцэх эсрэг бие болдог.
Хүүхдийг угжаар хооллосноос гарах хор уршиг
Хүүхдэд:
Ø Өөртөө хэрэгтэй шимт бодис, амин дэмийг авч чадахгүй.
Ø Өвчнөөс хамгаалах өвөрмөц бодис үнээний сүүнд байхгүй учир амархан өвчлөмтгий болдог.
Ø Угжны хөхөлт , шил нь амархан бохирдох учир суулгалт өвчнөөр их өвддөг.
Эхэд:
Ø Хүүхдээ хөхүүлэхгүйгээс хөх чинэрч улмаар өвчлөх аюултай.
Ø Хөхний сүүний боловсролт, ялгаралт багасч хөхний сүү татрана.
Ø Эхийн бие махбодид дааврын өөрчлөлт орж амархан жирэмслэх магадлал үүснэ.
Ø Эх нь хүүхэддээ тавих анхаарал халамж буурна.
Таны хүүхдэд эрүүл энхийг хүсье
СБЭМН-салбар амбулатори №2
Дархлаажуулалтын сувилагч Д. Бурмаа
Сэтгэгдэл ( 1 )
Хүүхдийг зовхон хөхний сүүгээр хооллох хэрэгтэй