Гадаадад зургаан жил сурсан дүүгээ тосохоор нисэх онгоцны буудалд очлоо. Олон улсын нислэгээр янз бүрийн орны хүмүүс ирнэ. Ачаа бараа, цүнх, чемоданаа түрж гарч ирсэн тэдэн рүү таксины жолооч нар гүйж очоод өмнө нь хөндөлсөж зогсоод "Такси!, такси!" гэж хэлээд чаргууцалдахыг нь харлаа. "Би таксины жолооч. Такси хэрэгтэй юу. Хүссэн газарт чинь хүргэж өгье" гэж байгаа царай нь тэр. Тэгэхээр өнөө гадаадынхан чинь шууд толгой сэгсрэх буюу гар цүнхээ урдаа бариад, халаасаа тэмтрээд тойрч зугтах шахуу юм болж байгаа юм даа. Өлсгөлөн чононууд нэг муу хурга руу шүлэнгэтэн дайрч байгаа мэт тэр жолооч нарын бүдүүлгийг хэлээд баршгүй. Монголд анх удаа хөл тавьж буй гадны зочид майжийсан гуталтай, тос масло үнэртүүлсэн хиртэй хувцастай тийм жолооч нараар л биднийг төсөөлнө шүү дээ. Зарим жолооч жуулчдын чемоданаас нь зуурчихаад "Хүргээд өгье" гэхийг нь хараад өмнөөс нь санаа ч зовох шиг.
Нэгэн танилын минь гадаадаас ирсэн найзыг нь Нисэхээс Зайсан руу хүргэчихээд 80 мянган төгрөг нэхэж айлгасан жолооч хүртэл тэдний дунд байдаг гэсэн.
Италийн Ромын нисэх онгоцны буудлын таксины жолооч нарын боловсон, соёлтой, цэмцгэрийг гадныхан шагшдаг. Тэд ноолууран пальто, костюм, гялалзтал нь тосолж зүлгэсэн ботинкоор гангарчихдаг болохоор таксины жолооч гэж хэн ч хэлэхээргүй, тэгээд ч үйлчлүүлэгчдээ сайхан инээмсэглэж угтана.
Гэтэл "Чингэс хаан" олон улсын нисэх буудлын хавиар эргэлдэх таксины жолооч нарын харьцаа, соёл энэ тэр нь авах юмгүй. Үүнд тус нисэх онгоцны буудлынхан анхаарал тавьж, таксины жолооч нарыг хийц сайтай хантааз, малгай сэлтээр ижилсүүлдэг ч юм уу, гадныхантай зөв боловсон харьцах наад захын соёлыг зааж өгмөөр юм. Гадны хүний биед нь бүү хэл ачаа тээшинд нь хүртэл зөвшөөрөлгүйгээр хүрч болдоггүйг сануулаад ядаж "Do you need taxi?" (Танд такси хэрэгтэй юү?) гэх өгүүлбэрийг цээжлүүлчихэж болмоор.
Д.ГАНСАРУУЛ
Сэтгэгдэл ( 0 )