Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан энэ долоо хоногийн байнгын хорооны салхийг хагалав. Хуралдааны эхэнд ухаалаг иргэний үнэмлэхний талаар ярилцав. Энэ үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын хооронд ширүүхэн маргаан өрнөлөө.
Тухайлбал, Ц.Нямдорж: “Би дампуурах шахсан ажлыг хүлээж авсан. Би шар махтайгаа хатаж байна шүү. 1,8 сая иргэний хүчинтэй иргэний үнэмлэхийг хүчингүй болгож шинэ иргэний үнэмлэхтэй болгох гэж байна”
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл : “Чи битгий үнэмлэхний асуудлаар улс төр хийгээд бай. Өдийд бэлэн болчихсон байх ёстой. Хариуцлага тооцно шүү”
Ц.Нямдорж: Би хариуцлага хүлээхгүй. Хүлээх хүн ч угаасаа алга. Улс төр хийхэд тал дээр бол ижил шүү гэсэн нь анхаарал татав.
Энэ үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг: Бодвол намайг муулж байгаа байлгүй би үг хэлье гэсээр орж ирсэн. Харин үг хэлэх “захиалга” өгөөгүй болохоор түүний тайлбарыг түр хойшлуулсан. Улмаар иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн болон 16 нас хүрээд үнэмлэхээ аваагүй 64940 иргэнд ухаалаг үнэмлэх олгох асуудлыг хэлэлцсэн. Гэвч хэзээ хэвлэх болон бусад “нарийн асуудлыг” ажлын хэсгийн хуралдаанаар ярилцахаар болжээ.
Ухаалаг иргэний үнэмэх хэвлэх асуудлыг түргэлүүлэхээр ажлын хэсгийнхэн нэг удаа Хонг-Гонк, хоёр удаа Финланд явсан бөгөөд иргэний үнэмлэх хэвлэх асуудал удаашрах нь манайхаас биш гадаад түншийн хариуцлагагүй байдлаас болсоныг улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа онцлов.
Н.Алтанхуяг: Та нар гурван сар үлгэр ярьлаа. Манай иргэдийн 98 гаруй хувь нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан. Яагаад сонгууль будлиантуулах гээд, үнэмлэх удаашруулах гээд байгаа юм хэмээн ширүүхэн хэллээ. Харин энэ нь АН-ын дарга Н.Алтанхуяг, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргааны үндсэн сэдэв болж тэд нэгнээ хэлэх хэлэхгүй үгээр таван минут орчим буллаа. Маргааны эсэгт энэхүү асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо.
Үүний дараагаар бүлгийн завсарлага авах талаар болон Нийтийн албанд нийтийн болон хувийн - ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )