Үйлдвэр комбинатын “цагаан хаалга”-ыг нураажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Энэ сарын 18-19 шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах цагаан хаалгыг нуураасан байна. Уг нь нисэхийн болон комбинатын хоёр цагаан хаалгыг нураах талаар НИТХ-аас шийдвэр гаргуулж , хэрэгжүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааний газар, Газрын албанд үүрэг болгосон. Гэвч цаг агаараас шалтгаалж хатуу хучилттай замыг 10 сараас хойш тавьж болдоггүй  учир шийдвэрийг хүлээлгүй хаалгыг буулгасан байна. Энэхүү комбинатын цагаан хаалга нь шинээр баригдаж буй “Нарны гүүр”-ний зам дагуу байрлаад байсан юм. Уг гүүр 10 дугаар сарын 17-нд ашиглалтад орох бөгөөд гүүрийг Монгол, Японы Засгийн газрын төлөөлөгчид хүлээн авах юм. Мөн яармагаас нисэх чиглэлийн 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэх юм. Үүний дагуу нисэхийн цагаан хаалгыг мөн нурааж замыг гурван эгнээ болгох гэнэ. Авто замын дарга Д.Нанзаддорж хэлэхдээ “Цагаан хаалгыг дахин барих эсэх нь эрх бүхий хүмүүсийн шийдэх асуудал. Хуучин байсан газар нь барих боломжгүй. Хаалганы багана өргөн учраас автомашины хөдөлгөөнд саад учруулах юм. Хэдий түүх дурсгалын нэг хэсэг ч гэлээ энэ байдлыг бодох хэрэгтэй” гэж байв.

Нисэх, үйлдвэр комбинатын цагаан хаалгыг 1956 онд ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга К.Е.Ворошиловын манай улсад хийх айчлалыг тохиолдуулан барьжээ. Хаалганд хоёр улсын сүлд байдаг бөгөөд тухайн үедээ “Найрамдлын хаалга” гэгддэг байжээ. Нисэхийн цагаан хаалгаар баруун аймгийн тээврийн хэрэгслүүд нэвтэрдэг байсан бөгөөд одоогийнхоор “22-ын товчоо” байв. Харин комбинатын цагаан хаалганаас зүүн тийш үйлдвэрүүд байдаг аж. Түүнчлэн гадаад, дотоодын зочдыг комбинатын цагаан хаалганаас, Энхтайвны гүүр хүртэл ажилчин ангийхан жагсан угтаж авдаг байжээ.

Тиймээс тус дүүргийн ахмадууд уг хаалгыг нураасанд бухимдалтай байгаа юм. Тэд хэлэхдээ “Бүтээн байгуулалтын үүднээс нурааж болно оо. Гэхдээ эргээд барих хэрэгтэй. Ажилчин ангийн түүх энэ хаалгатай салшгүй холбоотой. Бид чинь энэ хаалгаар л ажилдаа ирдэг байлаа шүү дээ. Түүхээ устгана гэдэг өмнөх үеэ үгүйсгэж байна гэсэн үг” хэмээн хэлж байв.

Д.Шинээ                           

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top