-Яруу найрагч Н.Баямөнхтэй хамтарч та “Говь шанхын нутаг” нэртэй сайхан ном гаргаж. Үүнийг бүтээхэд нэлээд хугацаа зарцуулагдсан байх даа?
-Жил дөрвөн сар болсон. Тэр хугацаанд яруу найрагч маань дууны шүлгээ сонгох, сонгосны дараа би бичлэгээ хэрхэн тохируулж бичих гээд нэлээд ажил болсон. Тэр ч бүү хэл гарчигныхаа толгой үсгийг яаж бичих вэ, хавтасны өнгө үзэмж ямар шийдэлтэй байвал уншигчдын сонирхлыг улам татах вэ гэдэгт ч олон хоногийг илээсэн.
-Та түүний шүлэгт зориулж уран бичлэгээ дүрслэхдээ юу бодож байв. Дууны шүлэгний утга санаанд тохируулж бичнэ гэдэг бас нэгэн логик шаардагдах байлгүй?
-Тэгэлгүй яах вэ. Шүлэг ямар байна түүнээс нь шалтгаалж миний бичлэгийн ур гарна. Н.Баянмөнхийн бид хоёр нэг нутгийнх. Түүний шүлэг Дундговь нутгийг минь яг л дэргэд минь аваад ирсэн юм шиг дүрсэлсэнд надад монгол бичгээ улам урнаар бичихэд дөхөм болсон. Тэр шүлгүүд надад жинхэнэ монгол амтагдсан бүтээл болсонд нь сайхан санагдсан. Зарим шүлгийг нь ч цээжилчихсэн. Элдэв янзын чамин үг хэрэглэгдээгүй нь миний сэтгэлийг улам хөдөлгөсөн. Тийм шүлгэнд бичлэг хийхэд урамтай байдаг.
-Сүүлийн үед монгол бичиг хэрэглэгдэх нь олширч байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс ч сайхан байгаа нь илт. Танд бүр их сайхан санагдаж байгаа байлгүй?
-Тийм. Ардчилсан хувьсгал ялснаас хойш олон үнэтэй зүйл сэргэсний нэг нь энэ. Сүүлийн жилүүдэд төрийн албан бичгийг хүртэл босоо бичгээрээ бичдэг болсон байна билээ. Цаашид улам дэлгэрэх болтугай. Тэгж дэлгэрвэл дэлхийн хэмжээнд ч хүрэхийг үгүйсгэхгүй.
-Надад дөнгөж сая таныг хэзээнээс монгол бичиг сурч эхэлсэн бол гэж бодогдлоо?
-Нэг их эрт сураагүй ээ. Дээд сургууль төгссөнөөсөө хойш ажлын бараа харж байх үедээ ганцаарчилж сурсан. Тэр үед би номын үзэсгэлэн худалдааны рекламны тасгийн мэргэжилтнээр ажиллаж байлаа. Тийм мэргэжилтэй хүнд ямар нэгэн байгууллагын хаяг, номын нэрийг гоёор бичиж дарга нарт хянуулдаг байсан. Би монгол бичгээр бичихээр хасчихна. Хасагдах маш их харамсалтай.
-Тэгэхээр монгол бичгээр бичиж дагнаад хэдэн жил болж байна гэсэн үг вэ?
-20-иод жил. Сүүлийн үед уран бичлэг рүү илүү анхаарч байна.
-Залуу уран бүтээлчид энэ төрлийг ихэд анхаарч, бичиж байна. Тэдний бүтээл танд ямар санагддаг вэ?
-Болж байгаа. Цаашдаа улам хөгжих биз дээ.
-Та монгол бичгээс гадна бусад бичлэгийн төрлөөр уран бүтээлээ туурвия гэж бодож байгаагүй юм уу?
-Байгаагүй. Бидний өвөг дээдсийг хэл соёлтой болоход энэ бичиг чухал байр суурь эзэлсэн болохоор үүнээс өөр бичлэгт би санаагаа хувиргах эрхгүй. Тэгээд ч аливаа хаяг, рекламийг чимэглэдэг зүйл бол монгол бичиг. Крил үсгийг хэчнээн урнаар дүрсэлж бичсэн ч нэг л тохиромжгүй харагддаг.
-Жишээ нь Монгол гэдэг үгийг та хэдэн секундэд бичдэг вэ?
-Жинэхэн сонгодог урлагийн уран бичлэг бол цаас, бэх, бийр гурвын нийлбэр юм. Энэ гурвыг эзэмших гэсэн уран бүтээлч их л хурдан бичиж байж гол цөмөө олдог. Хэрэв удаан бичвэл уран хийцтэй болохгүй. Цаасныхаа хэмжээнээс ч шалтгаалж тухайн уран бүтээлч бичихийнхээ өмнө тухайн үгийнхээ бичлэгийг толгойдоо тооцоолох хэрэгтэй. Би аль нэг үгийг бичихдээ хугацаа харж байсангүй. Ямар ч байсан нэг л амьсгаагаар бичдэгээ мэднэ.
-Таныг уран бичлэгээр уран бүтээл туурвихад юу нөлөөлсөн юм бэ?
-Монгол бичиг мэддэггүй ч энэ санаа надтай байнга хамт явдаг байсан. Уран бүтээл эхлэхээс өмнө Өвөр Монголын уран бичээчидтэй танилцаж урлангаар нь орж бийр, бэхтэй нь танилцаж байсан нь бүр их нөлөөлсөн байх.
-Бийрний хувьд маш олон төрөл байдаг байх. Та хэдэн бийртэй вэ?
-Олон төрөл бий. Моотуу цаас ч ялгаагүй 200 гаруй төрөлтэй. Гэхдээ би бийрээ тоолж байгаагүй. Тоолбол нэлээд тоо гарах байх.
-Материалаа та хаанаас авдаг вэ. Манай улсад хэр элбэг байдаг юм бэ?
-Сүүлийн үед элбэг болсон. Өмнө нь Хятад, Япон, Солонгосоос авдаг байсан.
-Уран бичлэг нэг л давтамжтайгаар бичигддэг. Тухайлбар морь гэдэг үгийг дараа нь хэчнээн хичээж бичээд ч урьдынхаа гүйцдэггүй. Тиймээс танд болон таны мэргэжил нэгтнүүдэд захиалгаар ирсэн бүтээлүүд тань мэдээж нэг ч ширхэг үлддэггүй байх даа?
-Үлдэхгүй. Хэн нэгэн надтай уулзаад “Тэр улсын ерөнхийлөгч манай улсад ирээд буцах гэж байна. Та түүний нэрийг уран бичлэгээрээ бичээд өгөөд. Бид дурсгал болгож өгөх гэсэн юм” гэдэг. Би ч бичиж өгдөг. Олон ч үг бичсэн. Гэхдээ яг хэдийг бичсэнээ мэдэхгүй байна. Тэдгээр үг дэлхийн олон оронд хүрсэнд баяртай байдаг. Би хувийн эрх ашгийн төлөө бус хамгийн гол нь өндөр заяат Монгол Улсынхаа босоо бичгийг өөрийнхөө хэмжээнд сурталчилж яваадаа талархдаг.
-Таны бүтээлүүдээс харахад ихэвчлэн монгол бичгийн үсгийг үүлэн болон хадган хээгээр дүрсэлсэн байна. Харин амьтдын нэрийг бичихдээ тухайн амьтны хэлбэрт оруулж бичиж болдог уу?
-Болно. Гэхдээ би тэгэхийг хүсдэггүй. Үхрийн нэрийг бичихийн тулд эвэр оруулах гээд тахиралдуулахаар хэтэрхий ядчихсан болох гээд байдаг.
-Танд олон захиалга ирдэг гэсэн. Зав чөлөө хэр гардаг вэ?
-Тодорхой ажилгүй хэрнээ зав огт гардаггүй. Гэхдээ би тэдэн төгрөгөөр бичнэ гэж үнэрхдэггүй.
-Та бүхэнд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )