Намрын адаг сарын шинийн наймны билэгт өдөр буюу 10 дугаар сарын 22-нд Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын соёлын харилцааны хэлэлцээрийн дагуу Германд бүрэн засварлагдсан түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох “Үйсэн дээрх бичиг”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаа Монголын үндэсний номын санд боллоо. Тус ажиллагаанд Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, тус яамны сайдын зөвлөх Х.Золбаяр, соёлын бодлогыг хэрэгжүүлэгч газрын дарга Т.Оргил, МҮНС-гийн дарга Х.Чилаажав, ХБНГУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пейтр Шайлов, сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга Михал Оёба нар хүрэлцэн ирсэн байв. Нээлтийн ажиллагааны үеэр Ц.Оюунгэрэл “Манай улсын ҮНС-гийн гал голомтод нэгдүгээр зуунд амьдарч байсан Энэтхэгийн гүн ухаантан, Магалжунайн хэрэглэж байсан дал модны навчин дээр сийлсэн бичиг, монгол барын зангараг, Чингис хааны ургийн бичиг, зэсэн эдлэлээр бүтээгдсэн ганжуур, данжуур, алтаар бичигдсэн сандуйн жүд хадгалагдаж байдаг. Тэгвэл өнөөдөр дэлхийн өвд бүртгэгдсэн “Үйсэн дээрх бичиг”-ийг хүлээн авч байна. Энэхүү хүндтэй эрдэнийг 17 жилийг элээн байж засварласан Германы эрдэмтэд, тус улсын Засгийн газар, хоёр улсын соёлын харилцааг идэвхжүүлж байгаа байгууллагуудад нь гүн талархал илэрхийлье. Энэ бичиг 1970 онд олдож, 17 жилийн өмнө сэргээн засварлагдахаар дээрх улс руу явахад манай улсын гаалийн байгууллага, гарахаас нь иртэл нь хяналтаа хийсэн. “Үйсэн дээрх бичиг”-ийн цуглуулгад Монголын соёл, шашин, уран зохиол, хэл бичгийн ухааны чухал материал хадгалагдаж байдаг юм” гэлээ. Пейтр Шайлов сайд хэлэхдээ “Монголын урлагийн хамт олонтой энд уулзалдаж байгаадаа баяртай байна. Танай улсын соёлын өвд үнэтэй хувь нэмэр болдог “Үйсэн дээрх бичиг”-ийг манай улсын албаны хүмүүс 17 жилийн хугацаанд сэргээн засварлаж өнөөдөр та бүхэнд хүлээлгэж өгч байгаа минь нэр төрийн хэрэг. Аль ч улсад урлагийн бүтээл шиг үнэт зүйл үгүй. Тиймээс танай улсын урлаг, соёлын хамт олонтой манай улсын уран бүтээлчид улам олон жил хамтарч ажиллах болно” гэв.
...Үйсэн дээрх татлагаар эртний найраг цацрах шиг
Үлэмжийн чанарт гүнжийг Равжаа хутагт дуулах шиг
Үүлэн сарны чөлөөгөөр Есүхэй баатар уухайлах шиг
Үлгэрийн гарьд шувуу ерөөл айлдан дэвэх шиг...
“Үйсэн дээрх бичиг”-ээ ийнхүү хүлээн авлаа.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 1 )
Хэзээний үед хамаарах бичиг юм бол оо. Лав Алтан ордны үйсэн дээрх бичиг биш байх, тэр нь Хэрмитааж-д байдаг шүү дээ.