Бид юуны төлөө Төсвийн тогтворжуулалтын сантай боллоо доо.. Ерөөсөө л төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, гол нэрийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ болон тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс орох татварын орлогыг Тогтворжуулалтын санд хуримтлуулахаар төлөвлөсөн. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдүүдийн ханш тогтворгүй байгаа энэ үед юун илүүчилж хадгалах тухай яриад байнаа гэж зарим нөхдүүд хэлж магад.. Үнэндээ нөхцөл байдал ч тиймэрхүү л байна. Гэхдээ манай нөхдүүд хариуцлагагүй байж ирсэн гэдгийг цохон тэмдэглэж ярихгүй байж болохгүй юм. Учир нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай Төсвийн тогтворжуулалтын санд хагас их наяд төгрөг хуримтлагдчихсан байх ёстой байлаа. Энэ мөнгө чинь манай улстөрчдийн баталдаг төсвийн АЛДАГДАЛ гээчтэй дүйх хэмжээний мөнгө шүү дээ.. Тэр хэрээрээ дараа дараачийн төсвийн эрсдэлийг бууруулах хэрэгсэл болох ёстой юм. Гэтэл манай их ухаантай улстөрчид мөнгө зүгээр л урсаад байдаг юм шиг санадаг юм уу.. Яадаг юм.. Орж ирэх ёстой байсан орлогыг дундаас шүүрч авч, өөр бусад эрх ашгийн төлөөнөө зарцуулсаар байгаад одоо тэр санд нь юун тэр хагас их наядтай манатай.. Мөнгө ер нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тийм л байдалтай байж байна. Яахав одоогоор дэлхийн эдийн засаг эмзэг байгаа энэ үед хурааж хуримтлуулах асуудал ач холбогдол бага санагдавч, хураах ёстой байсан санд мөнгө байгаа бол эрсдэлийн өмнө бага сандрах ёстой гэдэг үүднээсээ авч үзвэл ач холбогдол нь хэчнээн өндөр билээ.
Ер нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь шинэ зүйл биш. Түүхий эдийн болон түүхий эдийн бус баялгийн сангууд олон арван жилийн өмнөөс байсаар ирсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Абу Дабигаас Сингапур хүртэл олон орнуудын Баялгийн сангуудын нийт хөрөнгө 5 их наяд ам долларт хүрсэн гэсэн тооцоог “TheCityUk” гаргасан байдаг. Энэ хөрөнгийн тал нь газрын тос болон бусад түүхий эдийн экспортоос цуглуулсан хөрөнгө байдаг аж. Тэдгээр сангуудын талаар тухайлан өгүүлэхээс өмнө өөрсдийнхөө тухай ярих нь зөв болов уу.. Манай тухайд дээр өгүүлсэн сангаа өргөжүүлэх тухай ярьж буй.
Төсвийн тогтворжуулалтын сангийн ач тусыг тоочвол их. Түүхий эдийн үнэ, эдийн засгийн өсөлт өндөр байх үеийн нэмэгдсэн татварын орлогыг Засгийн газар шууд зарцуулбал нийт эрэлтийг ихэсгэж улмаар инфляцийг хөөргөдөх аюултай байдаг. Тэгэхээр манай нөхдүүд энэ байтугайг хийж ирснийг бид бэлхнээ харж байгаа.
За мөн түүхий эдийн үнэ буурах тохиолдолд төсвийн орлогын төсөөлөл биелэхгүй болох эрсдэлтэй. Тиймээс эдийн засгийн өсөлт болон түүхий эдийн үнэ хандлагынхаа ойролцоо байх үед Төсвийн орлого ямар байхыг тооцож, үнэ, эдийн засгийн өсөлт хандлагаасаа давах үеийн төсвийн орлогоос хассан зөрөөг дээрх санд хадгалах ёстой. Тэгээд сайхан хадгалаад байж чадвал Засгийн газрын зардалд дээд хязгаар тавих, хадгалах зорилт тавих боломжтой болж, эдийн засаг уналттай байх үед зарцуулах хөрөнгийн эх үүсвэртэй болох давуу талтай юм билээ. Дэлхийн банкны мэдээлэлд дурдсанаар хэдэн жил дараалан өсч байсан Монголын эдийн засаг, хэрэв ийм механизм байсан бол дэлхийн санхүүгийн хямралыг илүү хялбархан давах байсан гэж өгүүлсэн байгаа юм. Ийм сан байхын бас нэгэн чухал ач холбогдол нь Засгийн газрын зардлын мөчлөг дагасан шинж чанарыг багасгахад чиглэдэг байна.
Ямартай ч ийм сангийн суурь тавигдаад явж байгаа нь зөв эхлэл гэдгийг тодотгоё. Түүнчлэн дэлхийн баялгийн сангуудын талаар хүргэе.
Баялгийн сангуудын зарим нь ирээдүй хойч үеийнхээ ачааг үүрэлцэх тэтгэврийн санд зориулсан хадгаламжийн хэлбэртэй байхад, зарим нь Засгийн газрын зардлын хэлбэлзлийг багасгах тогтворжуулалтын сан байдаг аж.
Норвегийн сан
Норвегийн Засгийн газар “Газрын тосны сан” нэртэй тэтгэврийн санг 1990 онд газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэх зорилгоор байгуулсан юм. Норвегийн Хойд далайн эрэг орчимд 1969 онд газрын тос олдсон нь уг санг байгуулах замыг шулуутгасан гэсэн үг. Энэ сан нь Европдоо хамгийн том тэтгэврийн сан болж, дэлхийд нийт хөрөнгөөрөө Абу Дабигийн сангийн дараа хоёрт ордог, ил тод удирдлагаараа Сингапурын сантай дүйцэхүйц сан болтлоо хөгжиж чадсан байна. Тус санд газрын тосны олборлолтын лицензийн төлбөр, газрын тосны татвар болон Засгийн газрын хувь эзэмшдэг “СтатОйл” компанийн хувьцааны ноогдол ашиг төвлөрдөг. Тус сан нь ойрын ирээдүйд шаардлагатай байгаа их хэмжээний тэтгэврийн найдвартай эх үүсвэр болж байгаа аж. Дотоодын эдийн засагтаа халалт үүсгэхгүй байх зорилгоор ихэнхи хөрөнгөө гадагшаа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад зориулж, олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 5%-иа зарцуулдаг тус сан нь Төсвийн нэг хэсэг болдог байна.
Аляскийн сан буюу Хагас бие даасан компани
Аляскийн сан 1976 онд байгуулагдсан. Газрын тосноос орж ирэх орлогыг удирдах зорилготойгоор байгуулагдсан тус байнгын сан нь жилдээ дор хаяж 4%-ийн ашиг олох зорилттой хагас бие даасан компани аж. Тус сан нь үндсэн хөрөнгө ба орлого гэсэн хоёр хэсэгтэй. Үндсэн хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө санхүүгийн хөрөнгийн хөрөнгө оруулалтад зарцуулдаг бол орлогыг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тараах (2011 онд Аляскийн иргэн бүрт 1174 ам доллар олгогдсон), үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэхэд ашигладаг байна.
Чилийн Засгийн газар зорилгодоо яаж хүрэв?
Дэлхийн зэсийн 1/3-ийг Чили Улс үйлдвэрлэдэг. Тэр чинээгээрээ дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч орон юм. Энэ их баялгийнхаа ачаар зэсийн экспортоос маш их хэмжээний хөрөнгө цуглуулж чадсан энэ улс 2001 оноос сангийн бодлогодоо төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг оруулж ирсэн. Тэнцвэржүүлээгүй төсвөөс ялгаатай нь төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл дунд хугацааны төсөөлөл дээр тулгуурладаг бөгөөд нийт орлогоосоо зэс, молибдений үнийн болон эдийн засгийн мөчлөгийн орлогод нөлөөлөх нөлөөг хасаж тооцдог. Ингэснээр эдийн засаг өндөр өсөлттэй байх үед хадгалах, эдийн засаг уналттай байх үед зардлаа нэмэх механизм үүснэ.
Төсвийн тэнцвэржлсэн тэнцлийг ашиглаж эхлэхдээ Засгийн газар нь ДНБ-ий 1%-тай тэнцэх хэмжээний хадгаламж үүсгэх зорилт тавжээ. Хэдийгээр энэ нь хуулиар батлагдсан заалт биш байсан ч Чилийн Засгийн газар зорилгодоо хүрч чадсан юм. Чилийн Сангийн яамны дүгнэж байгаагаар ТТС нь эдийн засагт дараах нөлөөг үзүүлсэн:
Мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх боломж олгосон;
Эдийн засаг өндөр өсөлттэй байх үед хангалттай хадгаламж үүсгэж чадсан;
Зээлийн хүүний савалгааг бууруулсан;
Чилийн Засгийн газрын нэр хүнд олон улсын тавцанд өсч, зээлжих зэрэглэл нэмэгдсэн;
Эдийн засгийн гадаадын санхүүжилтээс хамаарах хамаарлыг багасгасан;
Нийгмийн бодлогыг илүү тогтвортой болгосон гэхчлэн олон үр дүнг дагуулжээ.
Харин манай тухайд Төсвийн Тогтворжуулалтын Санг бий болгосон боловч, уул уурхайн орлогыг тэнцвэржүүлж тооцохоор тусгасан хэдий ч уул уурхайн бус орлогыг тэнцвэржүүлээгүй байгаа нь учир дутагдалтай гэдгийг гадныхан зөвлөдөг. Ер нь бол ядуурлын түвшин өндөр байгаа өнөөгийн нөхцөлд манай улс хадгаламжаа ихэсгэх нь зохисгүйгээс гадна залуучуудын хүн амд эзлэх хувь өндөр, хөдөлмөрийн бүтээмж өсөх нь гарцаагүй ийм нөхцөлд Аляскийн байнгын сан, Норвегийн тэтгэврийн сангийн хувилбарууд бидэнд тохиромж муутай. Харин Чили Улсын Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн арга хамгийн сайн тохирохоор харагдаж байгааг зөвлөдөг. Хөрш орнуудтай нь харьцуулахад Чилийн эдийн засаг сүүлийн олон арван жил өндөр өсөлттэй байсан. Хэдийгээр энэ тогтвортой өндөр өсөлтийн нууц нь зах зээлийн шинэчлэл гэж яригддаг ч уул уурхайн орлогын удирдлагыг сайжруулахаар 2000 онд оруулсан Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн бодлого чухал хувь нэмрээ оруулсан бөгөөд түүний ачаар засаглал сайтай, төсвийн сайн сахилга баттай орон гэж үнэлүүлдэг. Түүнээс гадна Чили нь зарим нэг үзүүлэлтээрээ Монголтой төстэй. Чили улсад зэс экспортын 45%-ийг, ЗГ-ын орлогын 1/3-г бүрдүүлдэг бол Монголд нүүрс, зэсийн экспортыг нэмбэл ойролцоо тоо гарна. Харин Монгол Улсаас ялгаатай нь Чили Улс төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тооцохдоо уул уурхайн бус орлогоо хандлагын, мөчлөгийн гэж ялгахаас гадна Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг сөрөг болгохгүй зорилт тавьдаг юм байна. Тэгэхээр бид нэгэнтээ гадны сайн жишгийг нутагшуулах гэж байгаа бол тултал нь, бүр давуулж нэвтрүүлэхэд болохгүй зүйл хаана байдаг юм бол гэсэн асуултыг тавимаар байна, эрхмүүдэд..
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )