Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.24) хуралдаан 11 цаг 08 минутад, гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг эхлээд хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав.
Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж, 2017 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтаар цагдаагийн алба хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт “…нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс … олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй…” гэснийг зөрчсөн эсэхийг хянуулахаар мэдээлэл гомдлыг ирүүлсэн байдаг. Эл асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, 2024 оны тавдугаар сарын 22-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагчид ... дараахь зүйлийг хориглоно:" гээд 69.1.8 дахь заалтад "нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;" гэж заасны "..., үйлдвэрчний эвлэлийн ..., үйлдвэрчний эвлэлийн ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол ...-ын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн юм.
Улсын Их Хурал 2024 оны зургадугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн, Улсын Их Хурлын 60 дугаар тогтоолыг баталсан. 2024 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох зохицуулалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг дахин хянан, Улсын Их Хурлын 2024 оны зургадугаар сарын 05-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийн тухай" Улсын Их Хурлын 60 дугаар тогтоолыг мөн хянан хэлэлцээд, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 3 дугаар тогтоолыг баталсан байна.
Энхүү тогтоолын нэгдүгээрт, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчид ... дараахь зүйлийг хориглоно:” гээд 69.1.8 дахь заалтад “нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;” гэж заасны “..., үйлдвэрчний эвлэлийн ..., үйлдвэрчний эвлэлийн ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол ...-ын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийн тухай" 60 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Гуравдугаарт, энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай гэж заасныг Д.Цогтбаатар гишүүн хуралдаанд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар тодруулга хийж, үг хэлсэн. Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль тогтоомжийг шинэчилж, Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг нягтлах, цагдаагийн байгууллагын үйл ажиллааны талаарх хууль тогтоомжуудын зөрчлийг арилгах зэрэг саналыг гишүүд хэлж, холбогдуулан байр сууриа илэрхийлсэн.
Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтад зохих найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулан, хуулийн төслийг боловсруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь дэмжсэн.
Дараа нь Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, Д.Цогтбаатар гишүүн энэ талаар танилцууллаа.
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлийн хуралдаанаараа хянан шийдвэрлэсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр томилжээ.
Дээрх маргааныг Цэц хянан хэлэлцээд, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.
Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1 дэх заалтад "татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;", 34.4.3 дахь заалтад "татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.
Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2024 оны 04 дүгээр дүгнэлтэд дурджээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Б.Энхбаяр, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, С.Эрдэнэболд, Б.Заяабал, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлт нь Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө, бизнес эрхлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг явуулах эрхийг Үндсэн хуулийн дагуу хангахтай холбоотой зарчмын шийдвэр гэдгийг илэрхийлсэн. Төр хуулиар иргэдийг засаглахаас илүүтэй хүний эрх, эрх чөлөөг хуулиар хамгаалах зарчмыг тодотгож байгааг тэмдэглэв. Төрийн байгууллагууд ажлаа хөнгөвчлөхийн тулд хуулиар үүрэг хүлээлгэн, иргэдээ дарамталж байгааг бүх түвшиндээ анхаарч, иргэнд хуулиар үүрэг хүлээлгэж буй хууль тогтоомжуудад Хууль зүйн байнгын хороо дүн шинжилгээ хийх саналыг гаргасан. Мөн аливаа өмчийн харилцаа нь тухай өмчлөгч этгээдээс гадна түүнтэй харилцаанд орж буй этгээдийн эрх ашигтай шууд хамааралтай байдгийг хэлж, хууль хэрэглээний явцаас үүдсэн зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэн, оновчтой болгох талаар санал хэлж байв. Улс орны хөгжлийн гол тулгууруудын нэг нь татварын оновчтой бодлого гэдгийг гишүүд хэлж, бизнесийн эрхлэгчдээ дэмжих гэдгийг бусад улс орны жишгээс дурдаж, сүүлийн жилүүдийн Монгол Улсын татварын бодлогын өөрчлөлтийн үр дагаврын талаар байр сууриа илэрхийлж байсан.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Иймд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар боллоо.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар баталсан “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх хяналтын сонсгол явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоол дахь холбогдох заалтын дагуу төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг нар үг хэлж, ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, томьёолохтой холбоотой санал хэлсэн. Ажлын хэсгийн гишүүд зарчмаа баримтлан ажиллахыг Байнгын хорооны дарга захиж, санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувь нь дэмжин “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Д.Ганбат, О.Номинчимэг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Улсын Их Хурлын даргын хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг нар ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )