УИХ-ын Дэд дарга Л.Цог Ази, номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Тамгын газрын ахлах мэргэжилтэн Дэвид Шэннон, Олон улсын валютын сангийн Хуулийн хэлтсийн ахлах зөвлөх Матью Бэрн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд хяналт тавиад хоёр жил болж байгаа юм байна. Тиймээс энэ хяналтын талаар Монгол Улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчдөд мэдээлэл өгөх, Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчилж байна гэдгээ ноён Дэвид Шэннон уулзалтын эхэнд хэллээ. Түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь Монголын хувьд шинэ асуудал. Тиймээс холбогдох хуулиудад олон улсын байгууллагуудаас тавьдаг шаардлагуудыг тусгасан зүйл, заалтыг тусгаж өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар хэллээ. Харин УИХ-ын Дэд дарга Л.Цог мөнгө угаахын эсрэг тэмцэж явдаг улс төрчийн хувьд, Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд хууль тогтоох байгууллага нь олон улсын байгууллагуудаас тавьж буй шаардлага, гэрээ конвенцоо биелүүлэхийн төлөө ажиллана гэлээ. Түүнчлэн “Манай улсад уул уурхайтай холбоотойгоор гадны хөрөнгө оруулалт өсч байгаа. Тиймээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд олон улсын байгууллагуудын зүгээс зөвлөмж өгч, туслалцаа үзүүлж буйд талархаж байна” гэв.
Ази, номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг болон ОУВС нь манай улсад хууль боловсруулах, эрсдлийн үнэлгээ хийх, холбогдох байгууллагын чадамжийг дээшлүүлэх, мэргэжилтнүүдэд өргөн хүрээний сургалт зохион байгуулах зэргээр зөвлөмж өгч ажиллаж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )