”Сэтгүүлч улс төрчийг шүүмжилснийх нь төлөө шүүх, цагдаад өгдөг байдлыг халъя”

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

Монгол бол хэвлэлийн эрх чөлөөтэй оронд тооцогддог. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүтэн эрхтэй болгохоор Монголын хэвлэл мэдээллийн холбоод нэгдэн "Бүтэн эрх хаана байна?" он-лайн марафоныг зохион байгуулаад таван сарын нүүр үзлээ. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний ямар хэмжээнд байгаа талаар УИХ-ын Г.Уянгатай ярилцлаа.

- Монголын хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байна гэж та харж байна вэ?

- Энэ нь хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн ойлгож байгаагаас хамаарна. Хүн болгон хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргах эрх чөлөөтэй. Монголд өнөөдөр мянга гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг эрх чөлөө гэж үзэх юм бол Монгол шиг эрх чөлөөтэй орон алга. Гэхдээ тухайн мэдээллийн хэрэгсэл санхүүгийн хувьд хараат байдалд байна уу?  Редакци эзнээсээ аль зэрэг хараат бус байна, сэтгүүлч нь өөрөө редакциасаа аль зэрэг хараат бус байна гэдэг үндсэн шалгуурын үүднээс авч үзвэл өнөөдөр Монголд хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй байна. Хамгийн түрүүнд өөрсдөө хэн нэгнээс санхүүжилт авахгүйгээр эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй болох нь чухал. Гэтэл энэ эрх чөлөө Монголд байхгүй. Дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаанаа эзэнтэй буюу санхүүжүүлэгчтэй. Мянган хэвлэл мэдээллийн хэрэгслийг сая уншигчтай зах зээлээс амьдруулах ямар ч бололцоо байхгүй. Хэвлэлийн эрх чөлөөгүй байгаа нь үүнтэй холбоотой. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслийг зах зээлийнх нь журмаараа оршин тогтнох бололцоог хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар олгох ёстой гэж бодож байна.

- Хэвлэлийн эрх чөлөөтэй болоход манай улсад юу дутагдаж байна вэ?
-Юуны өмнө хуулиа батлах ёстой. Тэр хуулиндаа эрх чөлөөтэй байх гол зохицуулалтыг хийж өгөх ёстой. Энэ хуулиар хариуцлагын асуудлыг их ойлгомжтой болгох дээрээс нь сэтгүүлч өөрөө өөртөө ёс суртахууны цензур тавих тэр бололцоог нь олгох ёстой. Тийм эрх чөлөөг нь олон нийтийн өөрийнх нь байгууллагад нь өгөөд редакцийн хувьд санхүүгийн хувьд зах зээлээсээ хөрөнгө мөнгөө босгох чадвартай байх тэр бололцоог нь хангах ёстой гэж бодож байна.

- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?
-УИХ-ын гишүүн М.Батчимэг болон миний бие гэсэн нэр бүхий гишүүд энэ хуулийг дахин өргөн барих гэж байгаа. Үүнд нэмэгдэх гишүүн байвал нэмэгдээд дахин өргөн барихаар бэлтгэж байна. Ажлын хэсэг бараг шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчилсөн. Хууль бол маш сайн тал руугаа өөрчлөгдсөн гэж бодож байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль бол ерөнхийдөө тодорхой зохицуулалт гэхээсээ илүүтэй тунхагийн шинжтэй хууль байсан. Үүнийг ажлын хэсэг нэг бүрчлэн ажиллаад нэлээн сайн зохицуулалттай хууль болгож чадсан. Энэ хуулиа бас өргөн баръя гэсэн саналтай байна.

- Эх сурвалжаа нууцлах тухай энэ хуульд тусгасан байсан. Тэр заалтад өөрчлөлт орох уу?
- Эх сурвалжаа нууцлах тэр эрхийг нь баталгаажуулсан байгаа. Түүнээс биш ямар нэг зүйл өөрчлөөгүй.

- Улс төрчидтэй холбоотой асуудлаар сэтгүүлчид цагдаа шүүхийн хаалгыг их татах боллоо. Энэ юутай холбоотой гэж та харж байна вэ?
- Би ч гэсэн улс төрчидтэй холбоотой асуудлаар шүүх цагдаагийн хаалгыг олонтоо татаж байсан сэтгүүл ч л дээ. Энэ утгаараа зовлонг нь сайн мэдэхийн хувьд эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг аливаа нэгэн баримтыг дэлгэснийх нь төлөө улс төрчийг шүүмжилснийх нь төлөө улс төрч түүнийг шүүх цагдаад өгдөг ийм байдлыг халъя. Шинэ хуулинд нэгдүгээрт, эрүүгийн хуулиар сэтгүүлчдйиг шийтгэхийг хассан заалт байгаа. Гол нь аливаа нэгэн албан тушаалтан сэтгүүлч хооронд маргаан үүсвэл юуны өмнө тэр албан тушаалтан бичигдсэн тухайн асуудлаар тайлбар хийх үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Тэр албан тушаалтны үүрэг болгож байгаагаараа энэ хууль маш том дэвшилттэй юм. Өөрийнх нь тухай ямар нэгэн юм гарахад түүнийг няцаах үгүй гэдгээ батлах, эхлээд албан тушаалтан нотлох үүрэг хүлээж байгаа. Тэр нь маш чухал заалт болсон байгаа.

- Манай орон хэвлэлийн эрх чөлөөгөөр нь жагсаасан үзүүлтэд жилээс жилд ухарсаар байдаг. Үүнийг та юутай холбоотой гэж харж байна?
- Одоо байгаа нөхцөлөөр бол би тийм сайн гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь биднийг хэн, хэддүгээр байранд оруулах нь чухал биш. Бодит байдал дээр сэтгүүлч эрх чөлөөтэй байна уу? Тэр эрх чөлөө нь хэнд үйлчилж байна гэдэг л чухал. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын нийгэмд хэрхэн үйлчилж байна? Үүнд нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар оролцоотой байна вэ? гээд бодит байдлыг дүгнэвэл бидний хувьд таатай нөхцөл байдал бүрдээгүй байгаа. Үүнийг өөрчлөх ёстой. Манай сэтгүүлчид бүгдээрээ нийлээд нийгмээ зөв голдрил руу нь оруулахад зүтгэвэл энэ салбар өөрөө зөв яваад эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top