С.Галсан: Одоо би өөрийгөө төрдөө, хувьдаа өргүй гэж боддог. Гэхдээ хийх бүхэн маань дуусаагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

Ж.Тэгшжаргал

            Эмээгийн хүүхэд байсан надад настай хүнтэй уулзаж үг сонсох, мэндийн зуур ганц үнсүүлээд л буцах нь одооч сайхан санагддаг. Ном чухал гэвч, чухам үзэхээс ихийг үзсэн өвгөн буурлын эрдмийг яахин гүйцэх билээ. Тиймдээ ч С.Галсан гуайтай уулзах цаг товлон, Улаанбаатар их сургуулийн шинэ байрны таван давхар руу дэгдэн гарах зуур эрт одсон эмээ, өвөөдөө үнсүүлэхээр яарсан шиг догдлол бялхаж байснаа одоо ч санаж байна. Настай хүн, нялх хүүхэд байгаа газар цаанаа л нэг өөр, дулаан дотно байдаг гэдэгтэй таныг ч бас санал нийлэх болов уу гэж найдна. Өрөөний нь хаалгыг нээхэд яг л тийм (юу болохыг тайлан, дүрслэх аргагүй) орчин намайг тослоо. Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор, академич гэх алдрыг  нь дурдахын ч хэрэггүй, “Орос хэлний Галсан” гэхээр анадахгүй. Анхны таван докторын нэг гэвэл бүр ч мэднэ.

Ажлын өрөөнийх нь хоёр ширээ, хэдэн сандал, нэг шүүгээ, кофений тавиураас бусдыг ном, сонин эзэлжээ. Дээр нь эрээлсэн жижиг цааснууд байх. Ийм цаас цүнхэн дотор, хүрэмний халаасанд нь ч бас бий гэнэ. “Хаана ч би санаа төрвөл тэмдэглэж явдаг зуршилтай. Чи энийг хар аа” гэсээр жижиг хайрцаг үзүүлэхэд элдэв тэмдэглэл хийсэн жижиг цаасаар дүүрэн байна. “Энд хоёр ч томоохон ном биччих санаа бий дээ” гэж билээ. Ширээгээр дүүрсэн, зарим нь дэлгээтэй, зарим нь тэмдэглэгээтэй номууд “Солоставительная граматика”,“Двуязычная глагольная полисемия” гэхчлэн орос хэл огт мэдэхгүй надад ёстой л эрээн цоохор санагдахаар нэртэй. Ярилцлага хийхээр болохдоо бяцхан эмээж байсан нь ч үүнтэй холбоотой байлаа. Ухамсарт амьдралаа орос, монгол хэлний зэргэцүүлсэн хэл шинжлэлийн салбарт зориулсан, бас  “Орос хэлний Галсан” хэмээн алдаршсан энэ хүн учиргүй оросоор яриад унах вий гэж айсан хэрэг. Монголтой холбоотой юм бүхний үнэ хүнд унаж буй энэ үед, миний үеийн залуус монголоор биш англиар өөр зуураа харилцахыг илүүд үзэх болсон цаг шүү дээ. Гэвч ярилцлагаа эхлээд хэдэн хором өнгөрөхөд л огт хэрэггүй зүйлд санаа зовж байж гэдгээ мэдсэн билээ. “Гадаад хэлийг сайн сурах тусмаа, яриандаа харь хэл оруулах нь багасдаг юм. Хэрэв эх орондоо байж харь хэлээр ярьж буй бол сайн сураагүйнх нь хэр тэр” гэж хэлсэн нь юутай үнэн.

            -Мэргэжил болгон өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Таныхаар хэл шинжээч хүмүүсийн нийгмийн өмнө хүлээх үүрэг нь юу вэ?

            -Аливаа хэлээр зөв сэтгэж, зөв ухамсарлаж, зөв бодлогоширч сурна гэдэг чухал эрдэм. Монголын нутаг дэвсгэрт хүн бүр монголоор, гэхдээ аялга дуудлагаас эхлээд түмэн янзын байдлаар ярина шүү дээ. Зан заншил, соёл сэтгэлгээний гайхамшгаас эхлээд бидний хувьд үнэ цэнэтэй бүхэн хэлээр илэрч, хүмүүс хоорондоо үгээр дамжуулан харилцдаг. Үүнийг ялган таниулах, эх хэлнийхээ яруу сайхныг бусдад үлгэрлэж, хүний хэлний дурангаар өөрийн хэлийг шинжих зэргээр хэл шинжлэлч хүмүүсийн нийгэмд хүлээсэн үүрэг барагдахгүй. Тийм учраас хэл шинжлэлч хүн дээд зэргийн сэтгэгч байх ёстойн дээр асар их уншсан, асар их мэдлэгтэй байх ёстой. Өнөө цагт залуус эх хэлээрээ муруй хазгай ярьдаг боллоо гэж байгаа нь цаанаа учиртай. Хэл шинжлэлч хүмүүсийн ажиллах цэг үүнээс л эхлэх ёстой юм.

            -Нийгмийн чанартай асуудлаас буруутан этгээдийг эрэх түвэгтэй. Гэхдээ таны сая хэлсэнчлэн хүмүүс монголоороо сэтгэж чадахаа болих шахаад, эх хэлээ эзэмшсан нь дулимаг байгаад хэл шинжлэлч хүмүүсийг буруутгаж болох уу?

            -Хүмүүс эх хэлээрээ муруй хазгай ярьдаг болсонтой санал нийлэхээр барахгүй, би их зовдог. Үүнд хэл шинжлэлч хүмүүсийг харьцангуйгаар буруутгах үндэстэй. Гэвч зуун хувь буруутгааж бас болохгүй. Өнөөдрийн бидний монгол хэл цоохортож байна гэж би ярьж, бичдэг. Гэвч хэл шинжлэлч биднээс гадна, хэлийг хэрэглэж буй хүнтэй мөн холбоотой. Хэлийг хэрэглэхдээ, ярихдаа, бичихдээ та өөрөө бодож, тунгаах хэрэг байна. Аливаа хэлэнд хогийн өвс гэж байдаг шиг “хогийн үг” бас бий. Үүнийг аль болох хэрэглэхгүй байвал дээр шүү дээ. Хэл бол сэтгэлгээний хамгийн том гаргалгаа болдог. Арчаагүй ярьж, арчаагүй сэтгэж байгаа нь арчаагүй бага уншиж буйн шинж. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг биз дээ. Хүмүүс гадаад, дотоод хэлийг сурахад унших, ярих, бичих, сонсох гэсэн дөрвөн дадал чухал гэдэг. Харин би тав дахь нь алга байна гэж хэлдэг. Бодох. Бодох гэж агуу юм байна.

-Англи хэл бидний амьдралд гэнэтхэн орж ирээд, одоо бараг ноён суув. Монгол, англи хольж ярьсан хүмүүс хаа сайгүй болж. Жишээ нь, өнгөрсөн зуунд орос хэлний нөлөө их байсан шүү дээ. Тэр үед хүмүүс ярьж, бичихдээ одоогийнх шиг учиргүй орос, монгол хольдог нь бага байсан байх гэж би боддог.

-Оростой хольдог нь ч бас байсаан. Гэхдээ одоогийнх шиг ийм байгаагүй гэж бодож байна. Монгол бол Хятад, Орос гэсэн хоёр мундаг гүрний завсар хавчуулагдсан, сайн нь сайн, хэцүүдээ хэцүү орон. Би “Өөрчлөн байгуулалт ба хэл соёл” гэж өгүүлэл бичиж байсан юм. XXI зуун Хятадын эрин болно гэж ярих боллоо. Оросын нөлөө ч  хүчтэй байх нь гарцаагүй. Тиймээс орос, хятад хоёр хэлийг ямар ч нөхцөл үзэх ёстой юм. Дээр нь хөрөнгө оруулагч орны буюу япон, герман, солонгос хэлийг бас сурах хэрэгтэй. Үүнээс гадна, хамгийн гол нь эх хэлээ маш сайн мэдэж байх ёстой. Цаг үеийн шаардлагаар англи хэл рүү шуурч байгаа нь аргагүй. Гэтэл өнөөдөр англи хэлийг гадарладаг хүн цөөнгүй атлаа ус, цас шиг ярьж, бичдэг нь өдрийн од шиг байна шүү.

            -Таны хэлсэнтэй санал нийлж байна. 1990-ээд оноос хойш бид хоёр хөршөө ер ойлгохоо байлаа. Тэдний тухай мэдээлэл хэвлэлээр ч ховор үзэгддэг болсон. Дэлхийд хүчирхэг хоёр хөршийн дунд буй хэрнээ тэднийгээ ойлгохгүй байгааг та юу гэж хардаг вэ?

             -Баруун Германы Хайдельберг хотод Орчуулгын дээд сургууль гэж байснаар би очиж байлаа. Мэргэжлийн орчуулагчдыг мунддаг бэлддэг газар. А.Гитлерийн үед ч тагнуулуудад орос хэл сургаж байсан юм билээ. Энэ сургуулийг төгссөн германы тагнуулууд оросоор ямар ч алдаагүй, төгс ярьдаг байснаасаа болж илчлэгдэж байсан гэдэг юм. Гэтэл бид өнөөдөр оросуудыг муу гээд, хэлийг нь сурахаа байж, хөрш орноо ойлгохоо больсон нь бидэнд л муу болохоос биш, Орост огт хамаагүй шүү дээ.

            -Тийм ээ. Гэвч үүнээс ч эмгэнэлтэй нь бид Монголоо ойлгохоо больж байна. Бид ямар түүх, соёлтой билээ, одоо юуны төлөө, хаашаа зүглэж яваа юм гэдгийг мэдэхээ байжээ. Бүхий л зүйл залгамж халаа дамждаг болохоор, үеэс үед өвлүүлэн үлдээдэг шүү дээ. Та бүхний залгамж халаа, дараачийн үеийнхээ тухай та ямар бодолтой байдаг вэ?

            -Энд биднээс үл шалтгаалах хэцүү давалгаа, урсгал дэлхий даяар явж байна. Тэр урсгалыг бид дэлхийчлэл гэж нэрлэдэг. Дуртай ч бай, дургүй ч бай бүхий л улс орныг хаман, дайрч байгаа жишээ бишгүй. Хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн их усргал хүүхэд залууст байтугай том хүмүүст ч бодох чөлөө зав олгохгүй. Тийм учраас энэ зуур үнэндээ Монголоо бодох ч завдал гарахгүй байна. Монгол агуу гэж хэлбэрийн талаас, хоосон аргалах, эсвэл ятгаад нэмэргүй. Цаг үеийн энэ асуудлаас сэргийлэх, өөрийгөө хамгаалах бэлэн жор алга. Хүн оюун ухаантай гэвч цаг үеийнхээ боол нь л байдаг шүү дээ. Үүнтэй яаж зохицох билээ гэдэгт ч одоогоор төгс хариулт байхгүй байна.

            Манайхан Монголоо гэхдээ өөрсдийгөө юм бүхний дээгүүр тавих гээд байдаг. Монгол хэл агуу, монгол гэр шиг сайн сууц дэлхийн хаана ч байхгүй гэх хандлагатай. Ингэж бид өөрсдийгөө аврахгүй. Муу хэл, муу соёл гэж байхгүй. Үүнийг эрэмблэн дугаархлах шаардлагагүй. Өөр зуураа ялгаатай, онцлог чанартай байж харин болно.

            -Дэлхийчлэлийн айхтар урсгалд орсон, маш түвэгтэй үед бид амьдарч байна гэж та хэллээ. Үүнд хэрхэн зохицох бэлэн жор хараахан алга гэдэг ч үнэн. Гэвч бид Монголоо алдаж болохгүй, хэр чинээгээрээ түүх, соёлынхоо онцлогийг хадгалж үлдэх ёстой нь ч бас үнэн. Таныхаар бид яах ёстой вэ, бидэнд юу дутаж байна вэ?

            -Миний ажигласнаар сүүлийн үед Монголоороо бахархал үзэл дутахгүй байгаа гэж бодож байна. Монгол гэдэг үндэсний сайхан үзэл бидэнд хэрэгтэй. Харин үндсэрхэг үзэл байж болохгүй. Өнөөдрийн Монголд үндсэрхэг үзэл дээд зэргээр ханхалж байна. Өөрийн соёлоо хадгалж, бахархаж, бас бусдын соёлыг хүндэтгэж байж бид цааш явна. Яггүй шүү энэ. Яггүй урсгал ирж байна. Үүнийг хүн бүр ойлгосон цагт Монголоо авч үлдэнэ, бид. Жишээ нь, саяхан эрдэм шинжилгээний хурал дээр монгол хэл мөхөх хэлний тоонд орсон байна гэж нэгэн эрдэмтэн хэлсэн. Би олж үзээгүй л дээ. Гэхдээ энэ худал бас биш байх. Одоо ийм байгаа ч, хоёр зууны жилийн дараа, таван зууны хойно монгол хэл үлдэх үү? Хэл заавал мөнхийн байх албагүй л дээ. Гэхдээ мөнхийн байлгахын тулд яах ёстой вэ гэдгээ бид мэддэг байх хэрэгтэй.

            Хэл оюун ухааны түлхүүр болдгийн хувь арчигдвал хэцүү. Англи орос хэл таны оюун ухааны түлхүүрийг атгачихвал яах вэ гэж бодоод үз. Ийм л учраас монгол хэл мөхөх боломжгүй гэж баталгаатай хэлэх аргагүй.

            Ийнхүү бид “Нарантуул” захын хаяа залгах “Улаанбаатар” их сургууль дотор, зам дагуу эрийсэн олон гадаад хаяг, шошготой газруудын дунд монгол хэлээ, улмаар монгол соёлоо хэрхэн аврах талаар ярилцаж суусан юм. Дэлхийн иргэн, дэлхийн хэл сурч байна гэж дэрвэж явтал дэргэд ийм аюул хэдийнэ нүүрлэснийг анзаараа ч үгүй явжээ. С.Галсан доктор “Хэл шинжлэл ба бусад зүйл” хэмээх ном бичихдээ Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртлэх албан байгууллага, үйлчилгээний газруудын бүх хаягийг бичиж аваад ёстой нэг ичмээр болсон тухайгаа хуучлав. Энэ дунд монголоор хаягаа бичсэн газар байхгүйгээс ялгаагүй байж. “Нөхцөлгүй эрээн мяраан байхыг нь бид замбараагүйтэж байгаагийн шинж шүү” хэмээн бодсоноо ч нуусангүй. 

-Бид зарим зүйлд өөрийн мэдэлгүй бухимдсан байх нь бишгүй. Өнөө цагт юу таныг өөрийн тань зараалгүй бухимдуулж дөнгөдөг вэ?

-Хоёр зүйл бий. Гоё хувцасласан, сайхан сайхан залуус олон байгаа ч тэд ном ер уншихгүй байна. Үүний оронд компьютер, интернэт хоёрт ухаанаа өгчихөж. Үүнийг буруу гэхгүй ч, ном бол үүнээс агуу эд шүү гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Нөгөө нь улс төр. Уг нь би ардчиллыг их дэмждэг юм. “Насаараа ардчилалд зүтгэнэ ээ” хэмээн бичиж байсан ч удаатай. Гэвч өнөөдрийн энэ байдал миний хүссэн ардчилал биш байна. Хорь гаруй жилийн өмнөхөөс эрс өөрчлөгджээ. Миний ардчиллаас хүсэж байсан зүйлсийн тал нь биелээд, үлдсэн нь үндсэндээ биш маягтай болсонд их гайхдаг. Аль нам нь гарсан ялгаагүй, тэрбум тэрбумаар нь идэж байна л гэх юм. Энэ зөв юм уу?

Буруу зөрүү юм үй олон болсныг хараад сүүлдээ би бухимдахаа ч больж дээ. Төрийн төлөө огтоно шиг боож үхэлтэй нь биш. Чагнаад л явж байя даа гэж шийдсэн.

-Бидний амьдралд улс төрийн үүрэг оролцоо арай л их байх шиг санагддаг юм. Энэ олон намын хэрэг ч юу билээ. Жишээ нь иргэн хүний хувьд танд улстөрийн хэрэгцээ, шаардлага хэр их байдаг вэ. Улстөржихгүйгээр ажиллаад, амьдраад явах боломж бий юү?

-Хятадуудын нэг үг байдгийг би их зөв гэж боддог. Аливаа улс эхлээд эдийн засгаараа оролдох ёстой. Дараа нь улстөрийг ярих учиртай. Гэтэл бид одоо улстөрөөр л оролдоод байдаг. Улс төр надад муугаар нөлөөлсөн жишээ байгаа. Социализмын үед Сайдын тушаалаас хусуулж явлаа. Хожим, 25 жилийн дараа намайг цагаатгасан. Тухайн үед би мэдээжийн хэрэг маш их гомдсон. Гэвч би ажлаа орхиогүй. Тушаал нь тэр л биз, хийдгээ л хийх юм хуна гэж бодсон.

            Үнэхээр ч энэ бүх хугацаанд эрдэмтний ажлаасаа хойш суусан мөч түүнд үгүй. Чадах чинээгээрээ олон ном уншиж, өөрийн хэрээр хэл шинжлэлийн салбарт юм үлдээхсэн гэж хүсдэг тухайгаа ярив. С.Галсан доктор өглөө бүр зургаан цагт босоод гурван цагийн турш ном уншдаг. Энэ үед хүн амарсан, ухаан цэлмэг байдаг учраас барагтай ихийг уншиж дөнгөдөг гэлээ. Одоо та ямар ном уншиж байна вэ гэхэд ширээ тус бүр дээрээ очиж, дэлгээстэй номоо нэг нэгээр нь танилцуулсан юм. Нэг нь саяхан хэвлэгдсэн “Эзэнт гүрний туульс”, нөгөө нь Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” байна. Энэ номын тухай анх ямар сониноос уншсан, юу чухам сонирхлыг нь татсан тухай бид удтал ярилцсан юм. 

-Москвагаас Монголын анхны таван докторын нэг болж эх орондоо ирэхдээ та мэргэжлийнхээ хувьд өөртөө ямар зорилт тавьж байсан бэ?

-Ирээдүйдээ итгэсэн хүнийг ямар нэгэн дуудлага байнга дуудаж байдаг юм байна гэж би ойлгосон. Тийм учраас л урагш ахина шүү дээ. Төгсөөд ирэхдээ би аль чадахаараа ном бичье, эрдэмтэн судлаачдыг дэмжье, хүний оюун ухаанд дээд зэргээр тусалъя, ном гээч агуу зүйлтэй холбоотой бүхнийг тэтгье гэсэн зорилго тавьж байлаа.

-Энэхүү зорилгоо хэр сайн биелүүлсэн гэж боддог вэ. Ер нь энэ зорилгод тань эцэс хязгаар, “Одоо л боллоо” гэж сэтгэл уужрах зүйл бий юү?

-Боллоо гэж, би тэдэн хувийг нь биелүүллээ дээ гэж тайвшрах юм байхгүй. Хүн хийсэн юмандаа хэзээ ч сэтгэл ханадаггүй шүү дээ. Үүнээс ч их боломж байсан даа гэх бодол үргэлж л төрнө.  

Би хэрвээ дахиад төрвөл бас л хэл шинжлэлчийн мэргэжлийг авах байсан. Энэ дан ганц миний сайных биш ч, өөрийгөө би зөв замаар л явсан гэж боддог. Миний багш нарын тус дэм хязгааргүй их. Одоо би өөрийгөө төрдөө, хувьдаа өргүй хэмээн боддог. Гэхдээ хийх бүхэн маань дуусаагүй. Эрдэм номын хүнд 65-95 нас бол хамгийн үр бүтээлтэй үе гэж гадуур бичээд байна. Үүнийг уншаад л би урамжшиж явна. Дэлхийн шинжлэх ухаан чамд юм хэлээд байхад урамших ёстой биз дээ (инээв). Оюун ухаан устдаггүй, үхдэггүй, мөнхийн юм гэдэгт би итгэдэг.

Таны харж буй энэхүү зургийг сонинхоо гэрэл зургийн студид авахуулах гэж би өчигдөр дахин уулзахад С.Галсан доктор жигтэйхэн сэтгэл өөдрөг явж билээ. Хэлний тухай хүүлийн хэлэлцүүлэгт оролцоод ирсэн нь энэ. Монгол улсын ерөнхйилөгч эх хэлний бодлогыг гартаа барьж, дэргэдээ хэлний зөвлөл гээчийг байгуулахаар тохирсон нь түүнийг сэтгэлийг ийнхүү амраажээ.

Яг одоо миний бичиглэн буй, таны тэвчээр заан уншиж буй энэ үсэг, эх хэл маань юу юунаас эрхэм гэдгийг дахин ойлгуулсанд нь талархах сэтгэл төрлөө. “Чи эх хэлээрээ бахархах ёстой” гэж аминчлан хэлээгүй ч дээр дурдагдсан үг, өгүүлбэр бүрээс нь тэрхүү ухаарал нэвт ханхалж байгааг гярхай уншигч та анзаарсан нь лав. Аль чадахаараа, юун түрүүнд олон хэл сурах юмсан гэсэн хүсэл надад бий. Гэвч одоо би яарахаа байлаа. Эх хэлээ эхлээд гаргуун сурах минь. Тэгсэн цагт хожмын хэрэг ёсоор бүтэх буюу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зулаа(202.126.89.199) 2014 оны 11 сарын 07

Сайи байна уу??? Би энэ хүнийг олж уулзах гэсэн юм.Обоо хаана байдаг бүл хэлж өгөөж

0  |  0
Top