Монголын анхны далайчид Солонгост бэлтгэгдэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 18

Монгол Улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбаа мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялагийг ашиглах зорилго тавьж, сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байгаа талаар албаны нөхдүүд хэлж байна.

 

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Монгол Улсад далайн салбарыг хөгжүүлэх үндсэн суурь нөхцөл болох Далайн эрх зүйн олон улсын 22 конвенц, 1 тунхаглал, 13 портоколд нэгдэн орж, “Далай ашиглах тухай” Монгол Улсын хууль, “Хөлөг онгоц бүртгэх журам” баталсан нь манай улс их далайн баялгаас хувь хүртэх, далайн тээвэр эрхлэх олон улсын болон дотоодын хууль эрх зүйн орчныг зохих хэмжээгээр бүрдүүлээд байгаа билээ.

 

 Зам, тээврийн яамнаас далайн тээврийн хамтарсан компани байгуулах тухай гэрээний төсөлд өгсөн хууль зүйн дүгнэлт Хамтарсан компани үүсгэн байгуулах гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.6 –р заалтын дагуу 2011 онд Засгийн газарт танилцуулсан бөгөөд Далайн тээврийн тэргүүлэгч орон болох БНСУ-н Далайн тээврийн “Саммок шиппинг” ХХК-тай хамтарсан компани байгуулахаар тогтсон юм. Үүний эхлэл ажил болгож 2011 оны 2 дугаар сарын 25 ны өдөр Зам, тээврийн яамны Далайн захиргаа,  БНСУ-н Далайн тээврийн “Саммок шиппинг” ХХК нар задгай далай ашиглах тухай олон улсын хууль, гэрээ, конвенцийн дагуу Монгол Улсын далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, түүнийг дэмжих, Монгол Улсын нөөц баялгийг тээвэрлэх, хөлөг онгоц түрээслэх, хөлөг онгоц эзэмших, далайн салбарт боловсон хүчин бэлтгэх, хөлөг онгоцны засвар үйлчилгээг гүйцэтгэх болон хөлөг онгоцны санхүүжилтийг зохицуулах замаар Монгол Улсын далайн тээврийн салбарыг хөгжүүлэн дэмжиж ажиллах зорилогоор хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулах гэрээнд санамж бичиг зурсан билээ.

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол улсын 10-н иргэнийг сонгон шалгаруулж БНСУ-н 100%-н тэтгэлгээр Солонгосын загас агнуур, далайн тээврийн технологийн иниститутэд 3-р зэргийн далайчин бэлтгэх ангид суралцуулаад байна. Эдгээр 10-н оюутан одоогийн байдлаар танхимын хичээлээ үзэж дуусгаад үйлдвэрлэлийн дадлага буюу 6-н сарын хугацаатай хөлөг онгоцны дадлагын ажлаар их далайд гараад байгаа бөгөөд дадлагын хугацаа дуусгавар болсоны дараагаар Монголын анхны далайчид болох юм.

 

2013 оны 03 дугаар сарын 02-ны Засгийн газрын хуралдаанаар БНСУ-ын далайн тээврийн “Саммок шиппинг” ХХК–г Монгол улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтарсан компани байгуулах нь зүйтэй хэмээн үзсэний үндсэн дээр Монгол талаас “Монголиан Транспортэйшн Гейт” ХХК сонгогдон 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол-Солонгосын далайн тээвэр, ложистикийн чиглэлд хамтын ажиллагааны 5 дах удаагын уулзалтын үеэр хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн энэ үеэр Монгол улсын ЗТЯ-ны Дэд сайд Х.Ержан, БНСУ-н Загас агнуур, далайн хэргын яамны Дэд сайд Жон Ки Жонг нар уг хамтарсан компанийн үйл ажиллагааг дэмжих, далайн тээвэр, ложистикийн чиглэлд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд 2014 оны 2 дугаар улиралд багтаан туршилтын тээвэр хийхээр төлөвлөөд байна.

Ийнхүү Монгол улс нь далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдэж байгаа төдийгүй далайн салбарт өөрсдийн гэсэн боловсон хүчинтэй болж Монголын газрын баялгийг их далайгаар тээвэрлэн гадны орнуудад нийлүүлэх түүхэн үйл явдал болж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top