Харвалт зүрхний шигдээс монголд зонхилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Тархины цочмог харвалт, зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамж”-ийн сургалтыг нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд явуулахаар нэгдсэн төлөвлөгөө гарган  ажиллаж байгаа ба эхний сургалтыг 2014 оны 1 сарын 22-24-ны өдрүүдэд  Нийслэлийн яаралтай тусламжийн төв (103)-ийн  120 гаруй эмч, мэргэжилтнүүдэд явуулж байна.


  • 2012 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад  Монгол улсад зүрх судасны тогтолцооны шалтгаант нас баралт 10,000 хүн амд 20.91 тохиолддог ба нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.  Манайд жилд дунджаар 5,012 хүн тархины цус харвалт өвчинд нэрвэгдэж үүний 2,113 нь нас барж байна. Харин  зүрхний цочмог шигдээсийн улмаас 2012 онд 2,269 хүн өвчилж 875 хүн нас баржээ. Монгол улс зөвхөн 2012 онд нийт 2,988 хүнийг энэ 2 өвчний улмаас алдсан байна. Энэхүү 2 өвчний шинж тэмдгийг эрт таньж мэдэн цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлбэл бид төдий хэмжээний  хүний амийг аврах, хөдөлмөрийн чадвар алдагдалтыг бууруулах  боломж харагдаж байна.
  • Тархины цочмог харвалтын улмаас өвчтөний гар хөл саажин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдахын зэрэгцээ оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурдаг.
  • Дэлхий дахинд харвалт, шигдээсээс  сэргийлэх, оношлох, эмчлэх талаар ихээхэн дэвшил гарч байгаагийн дотор судасны бүлэн хайлуулах эмчилгээний арга нь тархины шигдээсийн даамжирлыг зогсоох, эмчилгээний үр дүнг сайжруулах нөлөөтэй. Харин  зүрхний шигдээсийн үед титэм судасны цусан хангамжийг богино хугацаанд эргэн сэргээх  эмчилгээ  хийх шаардлагатай байдаг ба   эмчилгээг эрт эхлэх тусам эдгэрэлт өндөр хувьтай байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон байна. Иймээс тусламж үзүүлж буй эмнэлгийн мэргэжилтэн  өвчний шинж тэмдгийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх нь нэн чухал.
  • Харвалт, зүрхний шигдээсийн үед эрүүл мэндийн байгууллагын түргэн шуурхай тусламж үйлчилгээнээс гадна өвчтөний гэр бүлийн гишүүд, дэргэд нь байгаа хүмүүсийн өвчний   шинж тэмдгийг таньж мэдэн тусламж үйлчилгээг эрт  дуудсан  байдлаас өвчтөний эдгэрэх боломж ихээхэн шалтгаалдаг.
  • Манай орны хувьд Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр ДЭМБ зөвлөхөөр ажиллаж УГТЭ дээр “Харвалт” “Зүрхний шигдээсийн төв”-ийг байгуулсан ба 2013 оны 11 сарын 12-ноос эхлэн  200 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байна.

.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top