Их талын дундах өнчин хот эздээ хүлээн сүүхийнэ. Ялаа батгана, шавьж шоргоолж шиг язганаж байдаг шороон түмэн Хятадын нутагт хамгийн орчин үеийн архитектор дизайны төгс шийдэлтэй, цоо шинэ гайхамшигт хот талын зэрэглээнээс ургасан хий үзэгдэл мэт оршин суугчидгүй оршин байна гэдэг төсөөллөөс гадуурх зүйл мэт. Эзэнгүй хот юм бол ис тоосорч, салхи хэсүүчлэн, шарилын газрыг санагдуулам анир чимээгүй ноёлж баймаар.
Гэтэл Африкийн ширэнгэн ойнх баймаар нов ногоохон хөвд хөл дор хөвсөлзөж, дэлхийг байлдан дагуулагч Монголын их хаадын морин дэл дээр илдээ эргүүлэн довтолж буй асар том хөшөө баримлууд арчилгаа сайтай музейн үзмэр мэт нарны гэрэл ойлгон дүнхийлдэж, 21-р зууны их хотын дуу шуугианы хэлтэрхий ч үгүй өргөн чөлөөдөд нь машин тэрэг, хүн сүрэг бус харин цэвэр цэмцгэрхэн асрууд зүмбэрлэж байх аж.
Мөнөөх асруудад хүннү дээлээр гоёж, монгол хатдын зүүсгэл чимэг, толгойн гоёлоор гангарсан үзэсгэлэнт охид орсон гарсан нэгэнд хотынхоо танилцуулга, зурагт ном, СД-г бэлэглэн монгол бүсгүйн ааш ялдам мишээлээр угтаж үдэж суух юм. Монгол дархны бурхан ухааныг шингээсэн асар том домбыг доош тонгойлгосон нь муейн барилга юмсанж. Мөнөөх домбоны цоргоор тасралтгүй цутгах усны алтлаг дуслууд том мөнгөн аяганд гэрэл цацруулан бууна. Цаад талынх нь барилга өнгөт толин нүүртэйгээс усан оргилуурын ус алтлаг өнгөтэй харагддаг ажээ. Харин мөнгөн аяганы амсар дээр балчир жаалууд гүйлдэн бие биеэ усан буугаар шүршин хөгжилдөх нь үлгэрийн гэмээр шидэт мэдрэмж төрүүлнэ.
Эргэн тойрон амьд байгаль, түүхийн дурсгал, харьцангуйн онол шиг этгээд содон барилга байшингууд. Хажууханд 20 метр өндөр Алангуа ээж 10 метр хөвгүүдээрээ сум хугалуулж байхад харааны үзүүрт өртөх цаахнатай нь Их Монголын морьт цэргүүд уухайлан айсуй уул овоо шиг нүүгэлтсэн их бараа сүр. Амгайг нь хөрөөдөн амыг нь ангалзтал татсан эхний морьдын янцгаах дуу нь сонсогдох шиг болно. Цэцгийн дэлгүүрийн сарнайг ичээмээр анхил ганган цэцэгс бүхий өнгө алагласан ширэг зүлгээ тордох хамгийн орчин үеийн автомат цацруулагчтай усны машинууд хотын гудамжинд аажуухан зөрөлдөх нь хөл нүцгэн хүн хөвдөн дээгүүр алхах мэт. Тэр том зам дээр тэргэнцэр шиг харагдах усны машинууд уг нь хоёр гурван тоннын даацтай. Дуут дохио, дуурьсал шуугианд дөжирчихсөн 21-р зууны иргэн би бээр хүний хөл хүрээгүй ирээдүйд хүрээд оччихсон мэт гайхширч билээ.
Энэ бол БНХАУ-ын нутаг, ӨМӨЗО-ны Ордосын шинэ хот Кан Ба Ши. Монголчууд бол Хиа багш гэж дуудна. Угаасаа хотын нэр нь Хиа багш. Өвөрмонголчууд өөрсдөө барьж өөрсдөө нэр хайрласан хот. Харин үсэг гэж байдаггүй, үеэр дууддаг хятад хэлний онцлогоос болж Хиа багшийг Кан баши гэж галиглажээ. Пол Роберт гэдэг гадаад хүний нэр Баолүо Луботти болж байхад Хиа багш Канбаши болох ч энүүхэнд л дээ. Дэлхийд байхгүй монгол имиджтэй хотыг бүтээн босгоно хэмээн зорьсон Өвөрмонголчууд маань дэлхий дээрх цорын ганц эзэнгүй хотыг байгуулсан түүх саяхных. Хэдийгээр энэ хот одоогоор “эзэнгүй” ч үнэхээр гайхамшигтай бүтээн байгуулалт, нээрээ л дэлхийд хосгүй монгол хэв шинжит хот билээ. Өдгөө дэлхий нийтээрээ хэвшчихээд, чухам энэ л нэрээрээ алдаршчихаад байгаа “Эзэнгүй хот” гэдэг нэрэнд Өвөрмонголчууд дургүй. Бүр цээрлэнэ. Эзэн нь тэд болохоор аргагүй.
Ингээд их талын дундах өнчин хот хэрхэн сүндэрлэсэн түүхээс цухасхан өгүүлье. Учир нь тэнд хятадууд эзэн суугаад эхэлчихсэн учраас тун удахгүй эзэнгүй хот маань шороон түмэн оршин суугчидтай болж, жинхэнэ эзэд болох Ордосчууд “Эзэнгүй хот” хэмээн алдаршуулсан бүхний зүг муухай харан шинэ эздийнхээ ажил үйлст хөлс хүчээ зориулах болно.
Эзэнгүй хот боссон түүх нь Ордосчууд баяжсан намтраас эхэлнэ. Ордосчууд баяжсан нь тухайн газар оронд нүүрс, байгалийн хийн асар баялаг орд илэрснээс эхэлдэг. 50 гаруй төрлийн ашигт малтмалтай Ордост 763 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг илрүүлж орхисон нь дөнгөж саяхны гэхээр явдал. Энэ их юмны ил байгаа хэсэг нь л гэхэд 149.6 тэрбум тонн, бүх Хятадын нүүрсний нөөцийн зургааны нэг хувийг эзэлнэ. Данхгар тоо байгаа биз. Асуудал ингээд зогссонгүй. Байгалийн хийн илрэл мэдэгдсэн нөөц 800 тэрбум гаруй куб метр, Хятад улсын байгалийн хийн нөөцийн гуравны нэг.
Түүхийн их мөрөн Хатан голын дунд ай савд багтах энэ өргөн уудам нутаг он цагийн буурал салхин дор онгож шаргалтан, халтартсан сайр бүхий говийн элсэн манхууд нь өнө цагийн үлгэр домгон дундаа нойрсож байсан нь саяхан. 35 мянган жилийн настай Бортохойн хүнийг хөрсөндөө нууж, эртний хүн төрөлхтөний өлгий нутаг хэмээн бүүвэйлэгдэж асан бас нэгэн зүүд бий. Харин өвөрлөгч ахан дүүс минь их эзэн Чингис хаан баруун Ся улсыг дайлахдаа бууж үдэлсэн ариун дэвсэг гэж дотор сэтгэлийн гүндээ сүслэн залбирсаар ирсэн. Хожим 1649 онд Чин улсын засгийн газар Ихзуу аймгийг энд байгуулж байсан түүх бий. Харин орчин үеийн Ордосын түүх 2001 оны 2-р сард Хятадын төрийн зөвлөлийн шийдвэрээр Ихзуу аймгийг татан буулгаж Ордос хотыг байгуулснаар эхэлнэ.
Гэтэл гэнэт... 2007 онд энэ хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 115.09 тэрбум юань, жилийн дундаж өсөлт 38.3 хувьд хүрсэн байна. Хотын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 мянган ам.доллар хүрч далай дагаж хөгжсөн Хятадын эргийн хотуудын түвшнээс хэдийнэ давжээ. Санхүүгийн орлого 20.08 тэрбум юаньд хүрсэн нь 2001 оныхоос 11.1 дахин, жилийн дундаж өсөлт 49.4 хувь болсон нь Өвөрмонголдоо тэргүүлэх үзүүлэлт, аймаар тоо. Ийнхүү Ордос хот гэрлийн хурдаар Хятадын зуун хүчирхэг хотын 28-рт жагсах нь тэр. Ингээд Ордосын Хиа багш хэмээх дүүрэгт шинэ хот барих ажил эхэлсэн байна. 87 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 1.514 сая хүн амтай Ордос хот Дүншэн дүүрэгтээ төвлөрч, Далад, Зүүнгар, Эзэн хороо, Үүшин, Хангин, Отог, Отгийн өмнөд гэсэн долоон хошуунд хуваарилагдсан орон нутгийн засаг захиргааны нэгжтэй. Тэгэхдээ Ордосын нэг сая 500 гаруй мянган хүний ердөө л 168 мянга нь монгол үндэстэн гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Ордост бүтээн байгуулалт хийх Хятадын төрийн бодлогыг уухайлан хурайлж хүлээж авсан өвөрмонголчууд “өөрсдийн” нутагтаа дэлхийд хосгүй монгол хотыг байгуулах ажилд ханцуй шамлажээ. Хур бороо шиг арвин мөнгө зоосоор “цутгасан” үлгэрийн хот амиллаа.
Гэтэл диваажингийн хотод хар утаа, хаягдал хог гаргах үйлдвэрийн газар нэг ч байсангүй. Их сайхан сонсогдох боловч хот байгуулж тоглож байгаа биш улс орны амьдрал үргэлжилж байгаа юм болохоор бүтээн босголтын ажил гэнэт зогсож санхүүжилт хаагдлаа. Тэгэхдээ л цонхыг нь шиллэхээс бусдыг хийчихсэн орон сууцны барилгуудыг эс тооцох юм бол хот төлөвлөлтийнхөө дагуу баригдаад дуусчээ. Харамсалтай нь элгэндээ эрдэнэ хадгалж байсан энэ газар үйлдвэрүүдийг байтугай оршин суугчдыг ч ундлах усны эх үүсвэргүй юмсанж.
Хөрсөндөө ч усгүй, гүндээ ч судасгүй ажээ. Газрын хэвлийг ухаж эрдэнэсийг нь авчихаад дээр нь хот байгуулан тариачдаа иргэншүүлдэг Дундадын мэргэн бодлого жамаараа явж байгаад замдаа гацчих нь тэр. Ингээд Хиа багшийн хот сүнстэй чөтгөртэйгөөрөө дуудуулан, мөнгөтэй сониуч гадаадынхны үзвэрийн газар, бичвэрийн бай боллоо. Ийнхүү хэдэн жил өнгөрч байх зуур Ордосынхон төр захиргааны байгууллагуудаа шинэ хотдоо шилжүүлж нэг сая 500 мянган хүнийг нэгмөсөн суурьшуулах зориулалттай эл газарт 200 мянган хүнийг ажил мэргэжлээр нь далайлган арайхийн авчирчээ. Төрийн байгууллагын албан хаагчид нь ажлаа тарангуут төмөр хүлгээ хөлөглөн 25 км-т байх хуучин хот Дүншэн рүүгээ арилаад өгнө. Шинэ хотдоо шилжээд нүүгээд ирсэн нь тун цөөн. Тэгэхдээ л тэд өөрсдийн байгуулсан шинэ хотоороо ихээхэн бахархдаг. Түүгээр ч барахгүй, усны асуудал нь битгий шийдэгдээсэй удаахан хугацаанд “монголоороо” амьдрах сан хэмээн эзгүй хотынхоо “чөтгөр”-т залбирч мөргөх нь халаг сууцгаадаг. Тэд уугуул нутгаараа, Хиа багшаараа, шинэ хотоороо бахархдаг.
Чингийн үед тухайн нутагт Түвшинжаргал гэдэг хошуу ноён байсан гэдэг. Ноёнд ном заасан багш нь нохой Бадрах гэдэг чигч шулуун яриа хөөрөөтэй, цөлх монгол эр байжээ. Бадрах багш нь нэг удаа Түвшинжаргал ноёныг Бээжин рүү морилоход нь бараа болон дагалдах гуйлт мэдүүлсэнд ноён доог тохуу хийгээд өнгөрүүлчихэж. Бадрах уг нь хошуу ноёноо дагаж Чингийн төрийн эзэн хаан, ихэс дээдсийг нүдээр үзэж нүнжгийг нь банжих хүсэл тээж явжээ.
Түүний гуйлт ийнхүү хөсөрдсөнд тэрээр хөдөө гэртээ очиж ардын хүүхдүүдийг цуглуулан бичиг зааж суухыг харсан нэг бялдууч хошуу ноёнд хошуу өргөхдөө “Цаадах нохой Бадрах чинь эзэн ноён нүүр таалсангүйд хорсохдоо дугуйлан босгох гэж байна” гэжээ. Ардын сэтгэл эргэвэл асуудал хурцдахыг таасан ноён тэр дор нь элч зарж багшийгаа өргөөндөө дуудуулаад Умардын засгийн эрхтнүүдэд золгохоор явахад нь хиа болж дагалдахыг даалгажээ. Ийнхүү Бадрах багш ноёны хиа болон айлчилж очтол Чингийн төрийн эрх баригчид монголыг мохоон доромжилж хэл үгээр илтэд дайрахыг тэвчилгүй эх нутагтаа үтэр харьж ноёны гэрийг алгасан хөдөө довтолгож гэр сургууль байгуулан ардын хүүхдийг бичиг соёлд сургах ажилд уйгагүй шамджээ. Хожим нь нохой Бадрах ардын дунд хошуу ноёноосоо илүү нэр хүртэж Хиа багш хэмээн алдаршсан гэдэг. Өдгөөгийн Канбаши дүүрэг нь Хиа багшийн гэр сургууль байсан өндөр дэвсэгт байрладаг билээ.
Бахархмаар баян тансаг, бараалхмаар өнгө үзэмжтэй өнчин хот. Сэтгэл сэмрэх нь юуных вэ, муу зуршил уу…?
Б.Занданхүү. Хөххот
Сэтгэгдэл ( 3 )
Mash saikhan bpljee
Hotiig ingej l bosgoh heregtei dee manaihan
uguiee uvurlugchuud uursduu ch anduurch bna. ene hotiin orshin suugchid ni hyataduud bh bolno shu de. harin zandanhuu yag DAASHINHUU DANJAAD SHIG SETGEJ BNA. BAS GOYO MONGOL NER OLOOD AVCHIHJEE.