Сониуч: “Цөлийн таашаал” буюу Лас Вегас

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Албан ёсны сайт: http://www.lasүegasnevada.goү/

Нийт талбай: 340.0 км2

Газар нутгын өндөр цэг: 610м

Лас Вегас нь АНУ-ын Невада мужийн баруун хэсгийн Кларкийн тойрогт байрлах хот. Дэлхийн хамгийн том мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн төв хэмээгддэг энэ хот нь олон тооны казино, тансаг зочид буудлууд болон өдөр бүр зохиогддог томоохон шоу тоглолт зэргээрээ олон сая жуулчдыг татаж чаддагаараа алдартай. Үндсэн томоохон казино нь хотын төвийн “Freemont” гудамжины хоёр талаар байрлах бөгөөд өдөр шөнө ч хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг энэ хэсгийг “Лас Вегас Стрип” буюу “The Strip” гэж нэрлэдэг. Олон улсад нэр хүндтэй магнат компаниуд өөрийн нэрийн реклам сурталчилгааг хийхдээ Лас Вегасыг л сонгодог болжээ.

1829 онд Лос-Анжелесийг чиглэн явсан нэгэн худалдаачны тэмээн жин замдаа саатжээ. Дээрээс ямар ч өршөөлгүй шарах наран дор жинчид лагериа барин байх зуур зарим нэгэн нь усны ундрага олох эрэлд гарсан байна. Тэдний дотор Рафаэль Ривера хэмээх мексик эр байсан бөгөөд түүнд цөл дундаас тэнд байгаа олон хүний амь насыг аврах баянбүрд /”oasis”/-ыг олох хариуцлагатай даалгаварыг цувааны эзнээс өгчээ. Тэрээр ч тэр эзгүй цөлөөс ундны усны ундрагыг ч олов…

“Лас Вегас” гэдэг нь “Олзлогдсон оазис” гэсэн испани үг юм. Энэ хотын анхны суурийг 1905.05.15-нд тавьжээ. Шав тавигдсанаасаа хойш удаан хугацааны туршид шатахуун цэнэглэх цэг буюу төмөр замын өртөө хэлбэрээр ашиглагдаж байв. Невада нь Америкийн эрх чөлөөг хамгийн ихээр эрхэмлэгч, нийт иргэдээ сайн сайхан амьдруулахын тулд бүхнийг хүлээн зөвшөөрдөгөөрөө алдартай муж. Тэр ч утгаараа энэ мужид хүссэн хүн болгон хэдэн ч удаа гэрлэж болдог байсан мөн нийт Америк даяар зохион байгуулагддаг өндөр бооцоот дүрэмгүй зодооны тэмцээн зөвхөн эндээс л эхлэлтэй гэж үздэг. Тэгвэл хаана ч хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй  дараагийн нэгэн хориотой зугаа болох мөрийтэй тоглоомыг 1915 онд Невадачууд “зохиожээ”. Дараахан хөзрийн төрөл бүрийн “гэйм”, автомат тоглоомын машинууд нэмэгджээ. Ингэхдээ тухайн үед эдгээр тоглоомын ялагчид мөнгөний оронд тамхи болон спиртийн төрлийн ундааг шагналд авдаг байв. Энэ бүхэн нь ирээдүйн тоглоомын хаант улс бий болох гол үндэс нь болсон билээ.

1931.05.19-нд Лас-Вегасын хувь заяанд томоохон эргэлт гарчээ. Энэ өдөр Невада мужид мөрийтэй тоглоомыг хүлээн зөвшөөрсөн хууль гарсан байна. Ингэснээр мужийн төсөв урд өмнө нь байгаагүй хэмжээгээр нэмэгдэж үүнтэй холбоотой санхүүгийн сайдаар ажиллаж байсан Ж.Тобин: “-Энэ их хэмжээний мөнгөөр хүүдүүддээ зориулан олон сургууль байгуулж болох юм” хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл тэрхүү хуурай хуулийн “ачаар” сургууль барих биш харин мөрийтэй тоглоом сонирхогчдыг мужийнхаа зүг татах шийдийг мужийн удирдлагын зүгээс гаргах болсон байна. Учир нь тухайн үед АНУ-ын Невадагаас бусад бүх газар нутагт мөнгөний төлөөх элдэв төрлийн тоглоом тоглох нь хориотой хэвээр байсан юм.

Ингэснээр 1940 он гэхэд хот нь ойролцоогоор есөн мянган тоглогчтой болсон бол энэ тоо 20-хон жилийн дараа 64 мянгад хүрчээ. Тэр үеэс л эхлэн Лас-Вегасын гудамжаар олон тооны тоглоомын орд харш шинээр сүндэрлэж эхлэв. Тэдгээрээс хамгийн анхныхад нь "El Rancho" тооцогддог бөгөөд энэ ордон өнөөг хүртэл тоглоомчдын анхаарлыг татсан хэвээр л байна.

1950 онд болсон нэгэн үйл явдал Лас-Вегасыг сонирхох олон сая жуулчдыг зүй ёсоор татах болжээ. Тэр онд хотоос ердөө 100 км-т байрлах Невадагийн туршилтын полигонд армийнхан цөмийн зэвсэг туршсан явдал байлаа. “Цөмийн мөөг”-ийг Лас-Вегасын төвийн аль ч зочид буудлын цонхоор сонирхогчид энгийн нүдээр харж болохоор байжээ.

Хотод олон төрлийн усан оргилуур /фонтан/ байх бөгөөд тэдгээрийн нэг нь “Белажио” зочид буудлын өмнө оршиж “Эйфелийн цамхаг”-ийн хуулбар юм. Бүтэн 24 цагийн турш өнгө бүрийн гэрэл солигдон оргилох энэ фонтаныг одоогоос 40 жилийн тэртээ 25 сая долларын өртөгөөр босгосон гэдэг.                                            

Алдартнууд Вегаст:

Антонио Бандерас-1994 онд өөрийн хайртай бүсгүйтэйгээ “Рояаль” казинод тоглон нэг үдшийн дотор 650.000 доллар алдаж байв

-Калифорни Мужийн захирагч Арнольд Шварценнегер “Америкийн Мистер” тэмцээнд анх түрүүлсэн жилдээ мөрийтэй тоглоомын вант улсад зөвхөн хүүхнүүдэд 500.000 доллар зарцуулсан гэдэг.

-Шарон Стоун “Төрөлхийн совин” киноны зураг авалт дуусангуут энд ирж долоо хоногийн турш алжаалаа тайлахдаа мөрийтэй тоглоомноос 250.000 олсон бол эргүүлээд 100.000 долларыг зугаа цэнгэлд зарцуулан оджээ.

-“Формула-1”-ийн алдарт тамирчин Михаэль Шумахер ээлжит нэгэн ялалтынхаа дараа Вегаст цэнгэхээр ирж өөрийн дагуулж явсан бүсгүйдээ тэндхийн хамгийн үнтэй дэлгүүрээс 500.000 долларын үнэтэй алзааман шигтгээтэй бөгж авч өгсөн

-Мэргэжлийн боксийн экс-аврага Майк Тайсон “Цезарь” паласт хоёрхон хонохдоо дээд зэрэглэлийн мэргэжлийн биеэ үнэлэгчдэд 150.000 доллар “зарцуулжээ”.

-Сагсан бөмбөгийн домогт од Майкл Жордан “Queens” зочид буудлыг бүтээн байгуулахад нийт 25.000.000 долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

-Уэлсийн гүнж Диана энэ хотод амрах ихэд дуртай байсан нэгэн. Тэрээр нас барахаасаа гурван сарын өмнө Додди Аль Фэйдийн хамт Вегаст уригдсан бөгөөд тэнд байх хугацаандаа хосууд өнчин хүүхдүүдэд зориулсан сайн санааны арга хэмжээ зохион байгуулан өөрийн сандаа нийт 15.000.000 доллар цуглуулж чаджээ. Тэр мөнгө өдгөө Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд зориулагдаж байгаа билээ.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top