Дэлхийн хамгийн их хараал хүрсэн газрууд

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

Жуулчдын сонирхолын ихээр татдаг “хий үзэгдэлийн оромж” гэх 20 хаягдсан хотын жагсаалтыг WebUrbanist.com сайт гаргаад байна.

Жагсаалтын эхэнд цайз хот гэгддэг Коулун /Kowloon Walled City/ нь Хонг Конгоос холгүй Хятадын нутаг дэвсгэрт байдаг. Гэхдээ одоогоор түүний оронд “Ханан хот” гэсэн нэртэй цэцэрлэгт хүрээлэн байрлаж байгаа билээ. Эрт үед энэхүү цайз хот нь гэмт хэргийн үүр уурхай болсон бохир заваан,  ядуусын дүүрэг байжээ. Оршин суугчид нь асар ихээр нэмэгдсэнээс болж байшингууд нь өөр хоорондоо маш ойрхон болж, бүр цонхоор нь нарны гэрэл тусахаа байхад гудамж байнга гэрлэн дэнлүүтэй байдаг болжээ. Харин өнгөрсөн зууны 1990-ээд онд Коулун хотоос ядуусыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарган түүнийг нураан оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ.


Түүний дараа францын Лиможийн баруун хойд зүгт байрлах Орадур-сюр-Глан /Oradour-sur-Glane/ хэмээх тосгон бичигдсэн байна. Энэ тосгоны 642 оршин суугч Дэлхийн II дайны үед бүгд немецүүдийн гарт зэрлэгээр алагджээ. Тэгвэл өнөөг хүртэл тосгоныг хамгаалалтандаа авч тэртээх аймшигт дайны эмгэнэлт явдлыг хойч үед нь мэдрүүлэх үүднээс дурсгалт газар болгосон хэвээрээ байгаа аж.


Гуравт Намибийн Колманскоп /Kolmanskop/ хэмээгддэг цөлд байгуулагдсан жижиг хот орсон байна. Энэ нь Атлантын далайн эрэгт байх Людериц /Luederitz/ усан боомтоос хэдхэн км-т байрладаг хот. Уг хотыг алмааз хайгчид анх бүтээн босгож амьдрал ид өрнөж байсан ч түүнээс өөр газарт их хэмжээнгээр үнэт чулуу олдох болсноор 1956 онд бөр мөсөн орхигджээ. Одоо бол Колманскопт зөвхөн цөөвөр чоно, шувуу, хорхой шавьж амьдран хоосон байшингууд нь элсээр дүүрэх шахжээ.


Чилийн алдарт Атакама цөлд байдаг нүүрсчдийн гэх тодотголтой хаягдсан хот Хамберстоун /Humberstone/ дөрөвт бичигдэж. Энэ хот нь ХХ зууны 1920-1940-өөд онд ид цэцэглэн хөгжиж, олон ч хүмүүсийг ажил амьдралтай нь залгуулж байжээ. Химийн үйлдвэрлэл хөгжиж ирэхийн цагт орон нутгийнхан төв бараадан ашигтай ажил руу тэмүүлэн орон гэрээ орхих болсноор 1961 он гэхэд Хамберстоун нэг ч хүнгүй болон хоцорчээ. Өнөөдөр ч гэсэн тэнд хуучны мебель тавилга, үйлдвэрлэлийн суур машинууд, багаж тоног төхөөрөмж “хадгалагдан” байсаар байгаа. Гэхдээ хотыг НҮБ дэлхийн сан хөмрөгтөө бүртгэн авч харуул хамгаалалттай болгох талаар ажиллаж эхэлжээ.

Австралийн Уиттенум /Wittenoom/ тавд орсон байх юм. Ид цэцэглэн мандаж байх оргил үедээ хотын хүн ам 20.000 хүрч байсан гэдэг. Гэтэл 1960-аад оны үед шөрмөсөн чулууны гэх өвчний шинж тэмдэг энэ нутгаас илэрч эхэлсэн бол удалгүй 1000 орчим хүн энэ өвчнөөр хорвоог орхижээ. Харин үлдсэн иргэд нь хотыг орхиж явахаас өөр аргагүйд хүрчээ. Одоо Уиттенумд зөвхөн найман л хүн амьдардаг гэнэ. Хотын ихэнх хэсгийг уг өвчний тэмдэглэгээ болох цэнхэр өнгөөр бүрсэн байдаг нь сонирхолтой бас аймшигтай ч мэт.

Эдгээрийн араас дэлхийн хамгийн их хараал хүрсэн хотуудад Америкийн Индианагийн Гэри, Аризонагийн Руби болон Азербайжаны Агдам зэрэг хотууд бичигджээ. Энэтхэгийн Манду, Оросын Магаданы Кадыкчан, Канадын Коди, Италийн Балестрино хотуудад ч өнөөдөр жуулчид болон судлаачдын анхаарлыг татсан хэвээрээ байгаа билээ.

Top