Дэлхийн шилдэг кино \цуврал\: Ард түмэн Ларри Флинтийн эсрэг

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 27

The People vs Larry Flynt

Төрөл: Драм, биограф

Найруулагч: Милош Форман

Продюсер: Скотт Фергюсон, Майкл Хаусман

Кино зохиолч: Скотт Александр, Ларри Карацевски

Зураглаач: Филипп Руселло

Хөгжмийн зохиолч: Томас Ньюман

Төсөв: 20.3 сая

Бүтээсэн он: 1996

Кино нь 1970-1980-аад онд хэвлэлийн бизнес эрхэлдэг байсан нэртэй бизнесмен Ларри Флинт гэх хүний бодит намтраас сэдэвлэн бүтээгдсэн. Бүх зүйл залуу Ларри өөрийн дүү Жиммитэй хамт Цинциннатид “Hustler” хэмээх тайчих клуб нээснээр эхлэнэ. Ажил хэрэг маш урагштай байсан тул Ларри шуудангаар өөрийн клубын сурталчилгааг түгээж үйлчлүүлэгчдийнхээ хүрээг нэмэх санааг анх сэджээ. Тэгтэл уг сурталчилгааны танилцуулга нь яван явсаар сүүлдээ “Хастлер” хэмээх бүрэн хэмжээний порно сэтгүүл болон хувирлаа. Сэтгүүлийн нэр хүнд өсөх жинхэнэ дуулиан нь нүцгэн Жаклин Кеннеди Онассисийн зургийг нийтэлснээр дэгдэх болно. Энэ үеэр ларри Алтей Лейзер гэх бүсгүйтэй танилцаж түүнтэй гэрлэх ажээ.

Ларри Флинт ийнхүү сэтгүүлийнхээ ачаар саятан болоод ирэхийн цагт түүний амжилтын эсрэг талд хүнд саад бэрхшээл тулгарч эхэлсэн байна. Сэтгүүлийг нь нийгэмд хор уршиг тарих хэмжээгээр муу нөлөөлөл үзүүлж байна гэж үзэгсэд гарч ирлээ. Үүнээс үүдэн тэрээр шүүхийн бүх шатны хуралд дуудагдан хуулийн хүндхэн асуудлуудтай тулгарч эхлэв. Ингэснээр өмгөөлөгч Алан Айзекман цаг үргэлж үйлчлүүлэгчийнхээ сэтгэл санаа, үйлдэлд хяналт тавих шаардлагатай болно…

Гэтэл нэг удаагийн шүүх хурлын үеэр алуурчин этгээд Ларриг буудан шархдуулжээ. Уг хүнд шархнаасаа болон тэрээр насан туршдаа биеийнхээ доод хэсгийг мэдрэхгүй тахир дутуу, эрэмдэг нэгэн болов. Тэр маш их сэтгэл санаагаар унаж эхэлсэн байна. Мансууруулах бодис түүний ганц аврагч нь болсноор эхнэрийн хамт тэд жинхэнэ хар тамхичид болж хувирлаа. Гэхдээ мэс заслын дараа Ларри өмнөхөөсөө арай дээрдсэнээр шүүх ажиллагаанд биечлэн оролцох болж нөгөөх хорт зуршлаа ч хаяжээ.

Сэтгүүлийн нэгэн шинэ дугаарт дуулиант мэдээлэл гарах нь тэр. Америктаа нэр хүндтэй улс төрийн зүтгэлтэн гэх Жерри Фалуэллийг өөрийн ээжтэйгээ дотно харьцаатай гэрийнхээ хашаан дотор амраглаж байгаа зургийг нь нийтэлж орхижээ. Жерри нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандахад шүүхээс Флинтийг буруутан гэж үзэн түүнийг улс төрчид 200.000 ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. Энэ үеэр эхнэр Алтея нь аль эрт ДОХ-оор халдварласан байсан тул нас барлаа. Гэхдээ тэрээр угаалгын өрөөндөө ус дүүргэн живж үхсэн гэдэг. Тухайн үед суумгай тэргэнцэр дээр явдаг байсан Ларри эхнэртээ тусламж үзүүлж чадахгүй байсаар түүнийгээ алджээ…

Энэ бол Ларри Флинтийн амьдралын бодит түүх мөн киноны үйл явдал юм. Гэхдээ кинон дээр Алтея түүний дөрөв дэх эхнэр байсан гэдгийг тодорхой харуулдаггүй. Тэд 1976 онд гэрлэсэн. Мөн Ларриг таван хүүхэдтэй гэдгийг огт дурьдахгүй өнгөрчээ. Харин Ларри Флинт өөрөө уг кинонд “өөртөө” 25 жилийн ял оноодог шүүгчийн дүрийг бүтээсэн юм. Скандалист дуучин Кортни Лав бол домогт “Нирвана” хамтлагийн дуучин агсан Курт Кобейны экс-эхнэр ажээ. 

Шагнал:

-1997 онд “Алтан Бөмбөрцөг” /шилдэг кино, шилдэг кино зохиол/

-1997 онд “Алтан Баавгай” шагнал

-1996 онд Бостоны кино шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал

Дүрүүдэд:

  • Вуди Харрельсон — Ларри Флинт
  • Кортни Лав — Алтея Флинт
  • Эдвард Нортон — Алан Айзекман
  • Бретт Харрельсон — Джимми Флинт
  • Донна Гановер — Рут Картер Степлтон
  • Жеймс Кромвелл — Чарльз Китинг
  • Криспин Гловер — Эрло
  • Винсент Скиавелли — Честер
  • Майлз Чепин — Майлз
  • Джеймс Карвиль — Саймон Лейс
  • Ричард Паул — Джерри Фалуэлл
  • Барт Ньюборн — Рой Гратмен
  • Коди Блок — 10 настай Ларри
  • Райан Пост — найман настай Жимми

Вуди Харрельсон /Woodrow Tracy Harrelson/

Төрсөн өдөр: 1961.07.23

Төрсөн газар: Мидленд, Техас, АНУ

Мэргэжил: Жүжигчин

Түүний эцэг аллагын хэрэгт ялуулсны дараа тэрээр Огайод гэр бүлийн хамт шилжин ирж тэнд өссөн. Жүжигчний мэргэжил болон англи хэлийг тэрээр Индианагийн «Hanover College»-д эзэмшжээ. Анхны гол дүрээ Билли Хойлын “Сагсан бөмбөг-харуудад зориулсан тоглоом” хэмээх кинонд бүтээсэн. Вуди гэдэг нэрээрээ телевизийн олон ангит «Cheers» хэмээх киноноос эхлэн олонд танил болжээ. Түүнээс хойш хамгийн амжилтанд хүрсэн бүтээлд нь Оливер Стоуны “Төрөлхийн алуурчин” /1994/, Милош Форманы “Ард түмэн Ларри Флинтийн эсрэг” /1997/ кино тооцогддог. 1998.01.11-нд хоёр дахь удаагаа гэрлэсэн. Эхнэр нь түүний туслах байсан Лаура Луи юм.

S.S.Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top