Төрөл: драм
Найруулагч: Роман Полански
Продюссер: Роман Полански
Кино зохиол: Рональд Харвуд, Владислав Шпильман
Гол дүрд: Эдриен Броуди, Томас Кречманн
Зураглаач: Павель Эдельман
Хөгжмийн зохиолч: Войцех Киллар, Иоганн С.Бах, Ф.Шопен, Л.Бетховен
Хугацаа: 150 мин
Төсөв: 35 сая ам.доллар
Бүтээсэн орон: Франц, Герман, Их Британи, Польш
Бүтээсэн он: 2002
Нэрт найруулагч Роман Поланскигийн бүтээсэн “Төгөлдөр хуурч” кино нь 2002 онд Каннын кино наадмаас “Алтан далдуу модны навч” шагналыг хүртсэн бол тэр ондоо гол дүрийг бүтээсэн жүжигчин Эдриан Броуди “Оскар”-ын эзэн болсон билээ.
Үйл явдал:
Энэхүү киног 1930-аад оны үед амьдарч байсан Польшийн алдарт төгөлдөр хуурч Владислав Шпильманы намтар уран бүтээлээс сэдэвлэн бүтээжээ.
Киноны гол дүр нь хэдийгээр дэлхийн хоёрдугаар дайн эхлэн Польшийн нутаг дэвсгэрт фашистууд орж ирээд байсан ч гэсэн уран бүтээлээ хийсээр байх болно. Тухайн үед бүх еврей үндэстний амьдрал там болон хувирснаар тэднийг “Варшавын гетто” хэмээх газарт бөөнөөр нь хорьж байлаа. Шпильманы хувьд тэрхүү хориглолтонд өртөөгүй үлдсэн цөөн хэдхэн гэр бүлийн гишүүдийн нэг байв.
Кинонд фашистад эзлэгдсэн Польшийн газар нутагт еврейчүүдийн амьдралд хэрхэн хүнд нөхцөл, аймшиг дунд өнгөрч байсныг гол дүрийн дотоод сэтгэл болон амьдралын хэв маягаар харуулсан. Үргэлж амьдрах газраа өөрчлөн, орон байраа солих, хэн нэгэн нь “эрх чөлөөтэй” байгааг мэдэгдүүлэхгүйн тулд цаг ямагт нуугдмал байдалд байсныг та киноноос харах болно. Тэд хөршөөсөө ч нуугддаг бас айдаг байлаа.
Өөрийн ард түмэндээ асар их нэр хүндтэй байсан нь Шпильманыг хаа нэгтэй нуугдахад тус болж байсан хэдий ч тэрээр урвагчийн гайгаар илчлэгдэх болно. Тэрээр амьд үлдэхийн эрхэнд немцийн болон өөрийн талын зандалчидтай хэрхэн харьцаж, өөрийн авьяас билгийг тэдэнд ойлгуулахын тулд хэрхэн ухаан сийлж бас зовж зүдэрч байгааг киноны оргил хэсэгт харуулдаг.
Гэхдээ киноны төгсгөлд алдарт хөгжимчин эрхэм немцийн нэгэн офицерийн ачаар амьд үлдэх бөгөөд тэрээр уг “аврагчаа” нэг ч удаа хараагүй байсан бөгөөд хамгийн сүүлд тэд уулзалдана. Нууц газраа хорогдож байх үед нь немец офицер түүнд байнга хоол хүнс илгээдэг байв. Сонгодог урлаг тэр дундаа төгөлдөр хуурын гайхамшиг дайны үед ч харгис хэрцгий дайсны сэтгэлийг хэрхэн уяраан зөөллөдгийг кино харуулахыг зорьсон. Тэр офицер төгөлдөр хуурчийн нэрийг огт мэдэхгүй байсан бөгөөд зүгээр л “Еврей” хэмээдэг байжээ.
Гол дүрд:
Эдриен Броуди - Владислав Шпильман
Томас Кречманн - гауптман /ахмад/ Вилм Хозенфелд
Шагнал:
2003 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос
“Шилдэг эрэгтэй дүр” /Эдриен Броуди/
“Шилдэг найруулагч” /Роман Полански/
“Шилдэг кино зохиол”
2003 онд BAFTA шагнал шардуулах ёслолоос
“Шилдэг кино”
2002 онд Каннын кино наадмаас
“Алтан далдуу модны навч”
2003 онд “Сезар” шагнал гардуулах ёслолоос
“Шилдэг жүжигчин” /Эдриен Броуди/
“Шилдэг зураглаач” /Павел Эдельман/
“Шилдэг найруулагч” /Роман Полански/
“Шилдэг кино”
“Шилдэг киноны хөгжим”
“Шилдэг зураач”
“Шилдэг дуу авиа”
Эдриен Броуди
Төрсөн өдөр: 1973.04.14
Төрсөн газар: Вудхейвен. Квинс. Нью Йорк. АНУ
Мэргэжил: жүжигчин
Карьер: 1988 оноос
Сайт: www.adrienbrody.co.uk
Эдриен 1973 онд Нью Йоркийн гэрэл зурагчин Сильвий Плачи, Эллиот Броуди нарын гэр бүлд төрсөн. Түүнийг дунд сургуульд байхад нь л эцэг эх нь театрын дамжаанд тогтмол хамруулдаг байж. Ингээд тэрээр Америкийн драмын урлагийн академийг төгссөний дараа театраас мэргэжлийн карьераа эхэлжээ.
1980-1990 онд Броуди телевизийн дэлгэцийн бүтээлд оролцох болж хэд хэдэн гол дүрийг бүтээгээд байжээ. Ингээд 1993 онд тэр Стивен Содербергийн найруулсан “Уулын хаан” кинонд тоглосон нь түүнийг таних боломжийг олгожээ.
Түүнээс хойш нэрт найруулагчид болох Терренсе Маликийн “Нарийн улаан шугам” /1998/, Спайк Лигийн “Сэмийн цуст зун” /1999/, Барри Левинсоны “Эрх чөлөөний өндөрлөг” /1999/ мөн Кен Лоучийн “Талх ба сарнай” /2000/ зэрэг томоохон бүтээлд тоглосноор дэлхийн хэмжээний нэр алдарт хүрэх замаа засчээ.
Харин “Төгөлдөр хуур” кинонд польш-еврей хөгжмийн зохиолч Владислав Шпильманы дүрийг бүтээснээр түүнийг орчин цагийн хамгийн шилдэг жүжигчний нэг хэмээн хүлээн зөвшөөрөхөд хүрсэн билээ. Тэр ч утгаараа Америкийн кино академи 2003 онд түүнд хамгийн дээд шагналаа хүртээсэн. Хозенфелд хэмээх немец офицерийн туслалцаатай амьд үлдсэн алдарт хөгжмийн зохиолч маань өөрийн өнгөрүүлсэн амьдралынхаа талаар 1946 онд “Үхлийн хот” хэмээх ном гаргасан нь хожим нь ийнхүү дэлгэцийн бүтээл болон дэлхий нийтийн хүртээл болсон юм.
Уг киноны дараа Броуди 2003 онд Мила Йововичтай хамтран “Хүүхэлдэй” хэмээх инээдмийн кинонд тоглосон. Түүнчлэн “Төгөлдөр хуурч”-ийн ачаар тэр “Гэмт хэрэг” /2003/, “Нууцлаг ой” /2004/, “Хүрэм” /2005/ болон Питер Жексоны “Кинг Конг” зэрэг кинонд тоглосон нь гайхалтай амжилт юм.
Тэгвэл 2006 оны 9-р сард түүний Бен Аффлек, Дайан Лэйн нартай хамт тоглосон “Супермэний үхэл” кино дэлгэцнээ гарсан билээ. Эцэст нь түүнтэй холбоотой зарим нэгэн сонирхолтой фактаас дурьдахад 1992 онд мотоциклийн осолд орж хэдэн сараар эмнэлэгт хэвтэж байжээ. Тэгвэл түүний өндөр хамар гурван ч удаа гэмтэж байсан гэдэг. Броуди бол 2003 онд 29 насандаа “Оскар” хүртсэн хамгийн залуу жүжигчинд тооцогддог. Тэрээр нэрт жүжигчин шон Пенний үеэл юм.
S.S.Slava
Сэтгэгдэл ( 0 )