Арван минутанд нэг хүний амийг аврах боломж бий

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 05

 Нийслэлийн Замын цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид “Авто машинүй” өдрийг тохиолдуулан автын ослоор эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд зориулж цусаа өгөх буюу донорын өдрийг өнөөдөр зохион байгуулж байна.  Энэхүү донорын өдөрлөгийг  “Амьдрал бэлэглэе” уриан дор “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран хийж байгаа юм.

Өдөрлөгийн талаар НЗЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргалаас тодрууллаа.

- Донорын өдөр хэд дэх жилдээ зохион байгууллагдаж байгаа бэ?

-Нийслэлийн ЗЦГ-аас өнгөрсөн жилээс эхлэн хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа. Мөн бид зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийн амь насыг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажилладаг. Тиймээс яг энэ зам тээврийн улмаас бэртэж гэмтдэг иргэдийн амь насыг хамгаалж туслах үүднээс сайн дураараа нэгдэж  байгаа.  

- Хэдэн албан хаагч энэ үйл ажиллагаанд оролцож цусаа хандивлаад байна?

-Өдөрлөг эхлээд 30 орчим минут болоход нийт 20 гаруй хүн нэгдэж байна. Өнөөдрийн турш нэмэгдсээр байх байх.  10:00-14:00 цагийн хооронд үргэлжлэнэ.

Мөн энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа Цус сэлбэлт төвийн нийгмийн ажилтан Н.Өсөхбаяраас тодорууллаа.

-Манай улсын донорын нууц ямар байдаг вэ?

- Цус цусан бүтээгдэхүүний нөөцөд өдөртөө 120-150 донор байдаг. ДЭМБ-ын судалгаагаар тухайн улс орны хүн амын гурван хувь нь байнга цусаа бэлэглэдэг байж улс үндэстэнийхээ цусны хэрэгцээг хангана гэж тооцоолдог бол манай улсад энэ үзүүлэлт 0,8 хувь байна. Жилээс жилд хүн амын тоо өсч, нэмэгдэж байгаа энэ үед донорын үйл ажиллагааг сурталчилах, идвэхтэн донорыг нэмэгдүүлэх шаардлагтай байгаа.

- Нийт хүн амын гурван хувь нь цусаа өгч байж дээрх шаардагыг хангадаг гэсэн. Одоогоор хэдэн хувьтай явж байна?

-Нэг үеийг бодвол сайжирч байгаа. Гол идвэхтэн донорууд оюутнууд, цэргийн албан хаагчид байдаг учираас улирлаар хамаарч өөр өөр байдаг. 6-9 дүгээр сарын хооронд оюутнууд амраад, шинэ цэргүүд тангаргаа өргөөгүй байгаатай холбоотойгоор цусны хэмжээ багасдаг. Тиймээс бид байгуулага, аж ахуй нэгжүүдтэй,  хамтарч хүмүүнлэгийн үйлсээ суртчилж ажилладаг.

 

-Нэг удаа цус өгөхдөө хэдэн грамм цус өгдөг бэ?

-Тухайн хүний биеийн нас, өндөр, жинээс хамаарч 350-400 грамм цус авдаг. Гэхдээ цэвэр ийм хэмжээний цэвэр цус авна гэж иргэд ойлгоод байдаг. Цус нь өөрөө үл бүрэгнүүлэгч дотроо уусмалтай, тиймээс тодорхой хэмжээний уусмалтай, уусмал дээрээ нэмэгдээд 350-400 грамм болдог.

 

-Цус өгөх нь хүний биед сөргөөр нөлөөлөх тал бий юу?

-Ихэнхи хүмүүс тэгж боддог. Харин эсэргээрээ цус нь шингэрээд, бие нь эрүүл болно л гэсэн үг. Ер нь эрүүл хүмүүс бүгд л донор гэж бодож болно. Тиймээс, иргэн та 10 минутыг зарцуулаад л нэг хүний амь насыг аварч байна гэж бодож идвэхтэн донор болоорой гэж уриалж байна.

-Хүн болгон донор болж болно гэлээ. Зөвхөн нэг дүгээр бүлгийн цустай хүн л донор болж болно хэмээх ойлголттой иргэд цөөнгүй байдаг. Үүн дээр таны бодол.

-Тийн тэгж боддог хүмүүс олон байдаг. Харин бүлэг бүлгийн цус бүлэг бүлэгтээ л таардаг. Тухайлбал: дөрөв дүгээр бүлгийн цус дөрөвтөө л таардаг. Энэ нь их ховор бүлгийн цус гэж ойлгож болно.

НЗЦГ-ийн албан хаагчдын цусны донорын тухай, түүний ач холбогдолыг олон нийтэд сурталчилан таниулах, яаралтай тусламжийн үед хэрэглэх цус цуглуулах нөөцийн санг нэмэгдүүлэхэд зорилго нь оршиж байгаа аж.

Дашрамд хэлэхэд хүний амь аврахад ердөө 10 минут зарцуулдаг тухай цусаа өгч байсан албан хаагч ярьж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top