“Western”-ээс улбаатай кино урлаг Америкт

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 19

Хүн төрөлхтний бүтээн бий болгосон асар олон соёлын дундаас хэдийгээр нэлээн хожим үүссэн хэдий ч өнөө үед хамгийн томоохон бөгөөд ирээдүйтэй урлаг хэмээн тооцогддог нь кино билээ. Анх Капуцины гудамжнаа сүүдэр ший гарч эхэлснээс хойш нэгэн зуун өнгөрч өдгөө урлагийн бөгөөд шоу бизнесийн хамгийн ашиг орлоготой салбарын нэг болоод байна. Урлагийн энэхүү салбарт нөгөө л Америк гэх их гүрэн хошуучлагч нь болж кино урлагийн хөгжлийн дээд түвшинд нэгэнтээ очоод байгаа юм. Америкчуудын бүтээсэн кино нь нутагтаа алдаршиж асар их ашиг орлого олбол тэр нь богино хугацааны дотор дэлхий даяар бест-селлер болж олон сая хүнийг дагуулж чаддаг. Энэ нь тэдний кино хийх арга барил, найруулагч, оператор, жүжигчдийн ур чадвараас гадна асар өндөр түвшинд компьютер графикийн эффектийг хийдэг аниматоруудаас шалгаалах болжээ. Анх дуугүй сүүдэр шийнээс ангижирч үг яриа, дуу хөгжимтэй кино жинхэнэ утгаараа бүтээгдэх болсон.

1930-1950-иад онд түүхэн кино Америкт газар авч үзэгчид ч түүнийг хүсэн хүлээдэг байсан. Гэхдээ ийм төрлийн кино бүтээгчдэд эртний Ром, Грекийн түүхээс сэдэвлэн кино хийхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг байсан болохоор найруулагчид тэр чиглэлээс татгалзаж эхэлжээ. Харин түүний оронд “western” буюу морь унасан дээрэмчин, ковбой нарын тулаан, баатарлаг явдлыг үзүүлсэн киног ихээр хийх болж түүнийг үзэгчид сонирхох болсноор ашиг орлого ч нэмэгдэж байлаа. Ийм төрлийн кино хийхэд хайр сэтгэлийн, инээдмийн, түүхэн гэх мэт бусад төрлийн киноноос зардал багатай, жүжигчдээ морь унуулж, буудалцуулаад л үзэгчдийг соронзон мэт татаж чаддаг байсан нь Америк даяар кино бүтээгчдийг иймэрхүү зүйлээр хөөцөлдөхөд хүргэсэн гэхэд болно. Харин дэлхийн томоохон дайны тухай болон Америкийн цэрэг дайчдыг сурталчилсан кино л western-д дарагдахгүй байлаа. Учир ийм төрлийн дайн тулаантай киног Засгийн газраас санхүүжүүлэн хийдэг байсантай холбоотой юм. Чухамдаа тэр л үеэс дэлхий даяар алаан хядааныг үзүүлж, асар хэмжээний орлого олдог киноны төрөл хөгжиж эхэлсэн гэж үздэг. 1960-1970-аад он бол тэр чигтээ western-ий эрин үе байсан гэхэд болно. Тухайн үед кино шүүмжлэгчид үүнийг хэчнээн шүүмжлээд, хатуу үгээр дайраад ч нэмэр болоогүй юм. Харин ч western-ээс улбаалан гангстер, боевик хэмээх шинэ урсгалууд бий болжээ. Ийм ч утгаараа морь унаж давхисан ковбойчуудаас залхсан үзэгчид хар нүдний шил зүүж, дэгжин костюм өмссөн шинэ маягийн мафийнханд сэтгэл алдарч эхлэв.

Харин сонгодог киноны эх орон гэгддэг Францад байдал тэс өөр байлаа. Киноны ертөнцөд Америктай өрсөлдөх орон бол хэзээд Франц байсан. Франц кинонууд амьдралын эгэл зүйлсийг өвөрмөц сонин, хүний анхаарал татахуйцаар дэлгэцнээ дүрсэлж чаддаг ба ингэхдээ тэд ихэвчлэн инээдмийн төрлийг баримталдаг байснаараа онцлогтой юм. Энэ ч утгаараа киноны салбарт Америкийн дараа Франц ордог гэж үздэг. Тэгвэл дорнодоос өөрийн үндэсний уламжлалаа тусгасан өнгө аястай, гүн гүнзгий утга агуулгатай Япон кино ихээхэн хүчтэй байлаа. Нэрт найруулагч Акиро Куросавагийн “Долоон Самурай”, “Сугато Сансеро”, “Рашамон” зэрэг кинонууд олон улсын тавцанд цахиур хагалан, баруунд дорнод хэв маягийн урлагийг таниулж байв. Гэсэн хэдий ч Америкт энэ урлагт байвал зохих бүх арга хэлбэрээр хөгжиж тэргүүлсээр байсан юм.

Асар их мөнгөний уурхай болсон Холливуд руу Америкийн болон Франц, Итали, Их Британийн чадварлаг найруулагчид зүтгэх болж, энэ ч киноны хөгжилд нөлөөлөн Европ өнгө аястай кинонууд ч хийгдэх болжээ. Ингээд 1990-ээд оны эхнээс бидний боевик гэж хэлэх дуртай кино хэдэн мянгаар хийгдэх болж, нэг ёсондоо кино ертөнц тэр чигтээ халтуурын шинж чанартай болж эхэлсэн. Үүнтэй холбоотой А.Шварценнегер, С.Сталлоне, Жан Клод Ван Дамм нарын үхэшгүй мөнхийн баатрууд дэлхийг байлдан дагуулах болсон. Гэхдээ үүний зэрэгцээ Америкийн кино бүтээгчид дэлхийн сор болсон бүтээлүүдийг хийсээр байлаа.

1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр алаан хядаанаас илүүтэй нийгмийн бурангуйг шүүмжилсэн гүн гүнзгий сэтгэл зүйг илэрхийлсэн мөн орчин үеийн техник, компьютер график хэрэглэсэн бүтээлүүд олноор төрж байсан. “Шиндлерийн бүртгэл”, “Сүүлчийн эзэнт гүрэн”, “Борооны хүн”, “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг”, “Ганди”, ”Амадеус”, “Хатан зүрх”, “Форрест Гамп”, “Юрийн галвын цэцэрлэг” гэх мэт дэлхийн томоохон кино наадмуудаас шагналуудыг нь ховх сорж байсан шилдэг бүтээлүүдийг нэрлэж болно. Эдгээрийг бүтээсэн Стивен Спилберг, Жорж Лукас, Фрэнсис Форд Копполла, Милош Форман, Стэнли Кубрик, Мартин Скорсез, Орсон Уэллс нар бол түүх соёл, иргэншлийн улбааг дэлгэцнээ мөнхрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн кино урлагийн гайхамшиг болсон хүмүүс юм. Дээр дурьдсан гайхамшигт бүтээлүүд дэлгэцнээ гарснаар найруулагч болон продюссерүүд алаан хядаантай хөнгөн маягийн киноноос татгалзан аль болох хүний амьдрал, сэтгэхүйг тусгасан сонгодог бүтээл хийхийг эрмэлзэл болсон.

Кино ертөнцийн фактаас…

1997 он

Алдарт найруулагч Жэймс Камероны хөдөлмөрч, шазруун зангийн үр дүнд бүтээгдсэн “Титаник” кино Оскарыг 11 төрлөөр хүртэж тэрбээр тайзан дээрээс “Би өнөөдөр дэлхийн хаан” хэмээн хашгирахад хүргэсэн билээ. Нялх од байсан Леонардо ч энэ л киноны ачаар Холливудад орон зайгаа олсон гэдэг. Түүнчлэн хамгийн гол нь энэ кино дэлхийн түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй асар их обьектуудыг үзүүлж, компьютер графикийг зөв хослуулснаар дэлгэцэн дээр юуг ч хийж болдгийг харуулсан билээ.

1998 он

Хэзээ ч тайлагдашгүй нууц хэвээрээ үлдэх Шекспирийн амьдрал хайр дурлалын тухай сонгодог бүтээл болох “Дурласан Шекспир”. Жүжигчин Гвинет Палтроу, Жозеф Фэйнэс нар найруулагч Жон Маддены төсөөлснөөр дэлгэцнээ амилуулсан нь тэр оныхоо шилдэг кино болсон.

1999 он

“Америкийн гоо үзэсгэлэн” кино хамгийн содон бүтээлд тооцогдож байлаа. Америкийн жирийн нэгэн гэр бүлийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн үнэхээр шилдгийн шилдэг болсон юм. Найруулагчийн өвөрмөц шийдэл бүхий киноны гол дүрийг Кевин Спэйси, Аннет Беннинг, Тора Бич, Уэс Бэнтли, нар бүтээсэн. Найруулагч Сэм Мендесийн бүтээсэн бас нэгэн гайхамшигт кино.

2000 он

Энэ онд өрсөлдөөн маш ширүүн байсан, зүй ёсоороо “Гладиатор” үүнийг толгойлсон. Америкчууд эртний Грек, Ромын сэдэвтэй түүхэн кино хийлгүй бас үзэлгүй удсан нь “Гладиатор”-ыг Оскар авахад нөлөөлсөн гэдэг. Жүжигчин Рассел Кроу, Хоакин Фенникс нарын хослол эртний Ромын үед очин үзэгчид болон судлаачдыг биширтэл тоглож чадсан юм.

2001 он

“Төгс Ухаан” хэмээх галзуу эрдэмтний тухай кино тэр жилийн бүх бүтээлүүдээс цойлон гарч ирсэн юм. Үүнд бас Рассел Кроу тоглосон. Түүнд хаанаас ийм их авьяас заяадаг байна аа.

2002 он

Тэр жил алдарт найруулагч Роб Маршаллын бүтээл, Ричард Гир, Рене Зелвайзэр, Катрин Зета Жонс нарын тоглосон мюзикл “Чикаго” кино зургаан төрөлд Оскар хүртсэн.

By Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top