Бүсгүй та харийн нэгэнтэй гэрлэхэд бэлэн үү… Итгэлтэй байна уу…

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 01

Гадаадын иргэнтэй гэрлэхээр шийдсэн охид бүсгүйчүүдэд заавал ямар нэгэн шалтгаан байдаг. Нэгд мөнгө санхүү, хоёрт тансаг амьдрал, гуравт хайр дурлал. Тэд болж өгвөл франц, герман, америк, араб, грек эсвэл итали, ази эртэй гэрлэхийг хүсдэг. Америкаас илүүтэй Европ тивийн эрчүүд тэдний сонирхолыг ихэд татна. Тэгвэл та бүхний бага таньдаг бүр огт мэдэхгүй нэгэн эр түүний ард байгаа орчин, гэр бүл болон уламжлал дэг жаягийг та хэзээ ч тийм ийм гэж тааварлахын аргагүй юм. Тэнд та өөрийн хүн болохын тулд олон зүйл тохиолдоно доо. Юу тэр вэ? Энэ талаар хэдэн зөвлөгөө өгье. Эдгээр нь амьдрал дээр байдаг л хувилбар, жишээ шүү!!!

Юутай ч та хоёр гэрлэхээр шийдсэн бол хамгийн эхлээд өөр өөрийн орны ёс уламжлалыг сайтар судалж улмаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гадаадын л иргэд болохоос харь гарагийн нэгэн биш тул үүнийг аль аль нь ойлгох биз. Нэгэнтээ л хайртай дуртай, халамжлана, ханилана гэсэн бол эцэг эхээр нь хэлүүлээд байлтгүй ёсыг дага. Усыг нь уувал… юу гэдэг билээ.

ШАШИН ШҮТЛЭГ ӨӨР БАЙВАЛ ЯАХ ВЭ? Аль талынхаа уламжлалаар бэрээ гуйж дараа нь хримаа хийх болж байна? Энэ асуудал байгаа биз. Түүнээс биш мөнгөтэй л бол бушуухан өвөрт нь орох гэж яарвал тэнэглэл болно доо. Харин ч цаадах харь нөхөр чинь энэ “шуналыг” чинь мэдвэл дараа нэгэн цагт гэрийн зарц болгохоо мэдэх байлгүй. Байдлыг хүлээ, тэвчээртэй байна шүү, бүсгүй минь.

За даа, тэр хүнээ дагаад явах гэж байгаа, тэгээд тэр нутагт нь очиж амьдрах гэж байгаа тул эцэг эх ч гэсэн үүнийг нь бодолцоод харийн иргэний заншлаар гэрлүүлэхийг хичээгээрэй. Охиныг чинь өмнөхөөсөө арай илүү хүндэлдэг бас хайрладаг болох байх.

ХЭЛ. үүнгүйгээр та яг л загас болно гэсэн үг. Бүгдийг хараад сонсоод байгаа хэрнээ ярьдаггүй ээ… Ичгүүртэй бас аймшигтайяа. Энэ үед хэлгүй хүн маш эвгүй байдалд яваад орчихдог. өөрийн амьдрах газрынхаа талаар мэдээлэл авах, түүнийгээ нөхөртэйгөө зөвшилцөх эсвэл очсон хойноо хэн нэгэнтэй санал солилцох хэрэг гарахаас авахуулаад танд тухайн орны хэл нэн хэрэгтэй болно. Иймээс хаанахын хэн гээчтэй гэрлэж түүнийгээ дагаад явахаа урьдчилаад мэдсэн бол яаралтай хэлний дамжаанд сууж ядаж гал тогооны хэдэн өгүүлбэртэй болмоор доо. Эсвэл тухайн газартаа очоод “ханхүүдээ” хэлж байгаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх арга хэмжээ ав. Хэрэв цаадах чинь “сайн хүн” бол тэр дороо асуудлыг зохицуулна даа.

МӨНГӨ. Хэзээ нэгэн цагт гарч болох галыг унтраахын тулд танд ямар нэгэн нөөц байх хэрэгтэй. Үүнийг зөвхөн та л мэднэ шүү. Эцэг эх ч үүнд хамаагүй. Хэрвээ байдал эвгүйтээд та хоёр бүр салдаг дээрээ тулсан үед тэр хэзээ ч танд туслахгүй. Муу амлаж байгаа юм биш шүү, сануулж байгаа минь. Тэр газраас гэртээ “зугатаж” ирэхэд таниас өөр хэнч мэддэггүй тэр хэдэн бор юм чинь таны үнэнч туслагч болно гэдгийг санаарай. Тийм их албагүй л дээ. Зардал төдий л…

Бичиг баримт. Танд хамаатай гэх бүх баримт зөвхөн таны гарт байх ёстой. Төрсний гэрчилгээ, сургууль төгссөн диплом, сертификат гээд ер нь л таныг мөн гэдгийг нотлохтой холбоотой бүх “цааснууд”… Мөн гадаад руу зорихоосоо өмнө бүгдийг нь хуулбарлаад баталгаажуулаад авах хэрэгтэй. Нөхрийнхөө гэрт ирээд гадаад паспортын хамт өөртөө найдвартай хадгал. Ингэхдээ тэдгээрээ тухайн орных нь хэл дээр хөрвүүлээд элчин сайдын яамандаа очиж бүртгүүлж болно. Эсвэл нутгаасаа гарахдаа илгээмжээр явуулж ч болдог. Тэгсэн цагт та эх орныхоо хамгаалалтанд, хяналтанд давхар орлоо л гэсэн үг дээ. Янзтай арга байгаа биз. Гагцхүү цаадахдаа “сэжиг авахуулахгүй” найдвартай хийгээрэй.

ХүүХЭД. Анхны удаа гадагшаа нөгөөхөө даган явахдаа хүүхдүүдээ /эсвэл хүүхдээ/ эмээ, өвөө, төрсөн ах дүү гээд найдвартай “гаруудад” орхино шүү. Авч яваад хэрэггүй болов уу даа. Өөөө ч очиж үзээгүй газар луу хүүхдээ дагуулаад нисэх тэнэг биш биз дээ, та. Ингэж хэлсэнд “-Sorry!” Шинэ газарт очоод та хүүхдээ энд авчраад өсгөх орчин хэр байна, тийм бололцоогоор энэ нөхөр хангаж өгөх нь үү, сургууль цэцэрлэгийн асуудал гээд олон зүйлийг судлах хэрэгтэй шүү дээ. Хэсэг хугацаанд хүүхдээ орхиод явах хэцүү ч тэнд юу ч хүлээж байгаа юм билээ, “үмхий санаа” гаргана биз дээ та, эрх биш. Тэгээд тэндээ хүүхдээ хүлээн авах орчин нөхцөл, тав тухыг бэлтгэснийхээ дараа нөхөр хүүдүүдээ найзлуулах ажилдаа жинхэнэ орно доо.

ТҮҮНИЙ ХҮРЭЭЛЭЛ. Таны гадаад нөхөрт тань мэдээж төрмөл ах дүүс, эцэг эх, тойрон хүрээлдэг найз нөхөд, хамаатан садан бүр хүүхэд ч байж болохыг үгүйсгэхгүй. Аягүй бол өмнөх эхнэр нь ч энгийн найз нөхөд болчихсон орж гарч гүйдэг байх даа. Тэгвэл тэр болгонтой нь хэл амаа ололцох, тэдэнд таатай сэтгэгдэл төрүүлэх, хүрээнд нь аажмаар орох зэрэг асуудал гарах нь мэдээж. Мэдээж энэ нь амаргүй зүйл л дээ. Гэвч нэгэнтээ л тэдний газар нутагт амьдрахаар та шийдсэн бол хүн бүртээ л тулж ажиллах шаардлага гарахыг анхаар. Эхнээсээ үүнд өндөр бэлтгэлтэй байгаарай.

АЖИЛ. Аль болох хурдан хугацаанд мэргэжлийнхээ дагуу ажил олохыг хичээ. үүнд нөгөө гайтай хэлнээс гадна бичиг баримт сургууль төгссөн нотолгоо гээд олон зүйл хэрэг болно. Мөн өмнөх ажлын газраасаа авсан тодорхойлолт байвал гадныхан их дуртай байдаг. Мэдээж мэргэжлийн ажил тэр болгон олдоод байхгүй л дээ. Тиймээс биржүүдээс ажлын зар, санал үзэж сонгоод уйгагүй хөөцөлд. үүнд нөхөр туслах л байх. Гэхдээ аль болох өөрөө ажлаа олсон нь дээр байдаг. Энэ нь эргээд таныг нөгөө хүрээллийнхэн үнэлэх, нөхөр тань таниар бахархах сэтгэгдлийг бий болгодог. Түүнээс биш хүний гар хараад битгий суугаад бай даа. Алив гар даа, хайгаад үз.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРХИЙГ ХАМГААЛАХ. Ялангуяа Европын орнуудад эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг маш олон тооны байгууллага байдаг. Тэгвэл тэдгээрийн хаяг болон утас, үйл ажиллагааных нь чиглэлийг судалж ингээд зогсохгүй харьцдаг болох хэрэгтэй. Тэд зөвлөгөө өгөх, хамгаалахдаа сайн шүү. Манайхан шиг л худлаа ярихгүй дээ. Германд л гэхэд бүр зөвлөгөө өгдөг, цагаадгаас ч илүү хамгаалдаг бас хүчирхийлэлд автсан бүсгүйчүүдийн “түр хоргодох цайз” байдаг гэсэн. Гэхдээ эцэст нь хэлэхэд та хэзээ ч тэр цайзад очихгүй байгаасай. Та хэнд ч дарлуулж доромжлуулж бас хүүхэд тань хойд эцгийн гарын шүүс бүү болог гэсэн зүйлийг хэлэх байна. Бурхан та бүхэнд аз авчирна. Олон үндэстэний гэр бүл байсан ч танд ганцхан аз жаргал л хэрэгтэй шүү. Түүнийг ерөөе!

Р.Слава

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ariunaa(87.139.41.163) 2014 оны 10 сарын 03

gadaad erchuud tom boovtoishtee

0  |  0
Top