Дуучин С.Батчимэг Лхасран Линховоины уралдаанд түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 28

Хойд хөршөөс сайхан мэдээ дуулдаж байна. Дууны, дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын ардын жүжигчин, монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаанд УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчимэг түрүүлсэн байна. Тус  театраас уг уралдаанд таван дуучин явсан бөгөөд бүгд л амжилт өндөртэй байгаа юм байна. Дуучин С.Батчимэг СУИС-ийг 2012 онд Монгол Улсын гавьяат багш Б.Дашамагийн удирдлага дор төгсөөд эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм. 

Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд  нийт 70 дуучин оролцсоны 30 нь Монголын, гурав нь БНХАУ-аас очсон, бусад нь орос, буриад дуучид аж. Уралдааныг нэрт дуучны тоонотод зохион байгуулснаар онцлог. Л.Линховоин Забайкальск хязгаарын, Агинскийн ойролцоох Ага-Хангил тосгонд 1924 онд төрсөн аж. 1949 оноос Улан-Үдийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад Ленинград хотын Н.А.Римский Корсаковын нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд дуулаачийн мэргэжлээр суралцаж 1954 онд төгсчээ. Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран  сайхны удирдагчаар олон жил ажилласан тэрээр Бүх холбоотын театрын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн байсан ЗХУ-д төдийгүй дуурийн урлаг хөгжсөн гадаад орнуудад ч гайхагдаж явсан мэргэжилтэн билээ.

 

Р.Оюунжаргал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(91.114.157.163) 2014 оны 11 сарын 07

mundag ymaa, ulam ix amjilt xusie

0  |  0
Top