Газар, газрын Лениний хөшөө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Хүнд нэг л тавилан байдаг бол Лениний тавиланг тоолж баршгүй аж. Зуун жилийн тэртээ хорвоогоос хальсан хэдий ч түүний дүрийг амьдаар нь мөнхөлсөн олон хөшөө газар газарт сүндэрлэсэн. Харин өдгөө дийлэнх нь байрнаасаа хөдөлж, эгэл ардын амьдрал дунд оржээ.

  1. Алдарт удирдагч Владимир Лениний музей байсан хуучин барилгад билльярд клуб байгуулагджээ. Монголын нийслэл Улаанбаатар хот, 2007 он.

2. Хуучин Чехословак улсаас энэ хөшөөг 1993 онд АНУ-ын Сиэтл хотод авчирч байршуулсан аж. Вашингтоны оршин суугч Лэвис Кэрпентэр хэмээгч хилийн чанадад англи хэл зааж байгаад уг хөшөөг урлагийн бүтээл талаас нь үнэлж эх орондоо авчирсан гэнэ. Харамсалтай нь, тэр автын ослоор нас барсан тул хөшөө эзгүйрч, гэрийнхэн нь үүнийг худалдах санаатай олны өмнө дэлгэжээ.

3. "Бяцхан” Лениний хөшөөг саваа төмрөөр балбаж буй оюутан Гана улсын иргэн. Тэртээ 1966 онд л коммунизмын хор хөнөөлийг мэдэрч эхэлснийг энэ зураг илтгэнэ.

4. Өнгөрсөн тавдугаар сард Орос, Украйны хилийн зааг орчимд нөхцөл байдал ширүүсч байхад Ленин ч тэр дунд “тууж явсан” байх юм. Зурагт ОХУ-ын Семеновка тосгоноос эсрэг талаа ажиглах бэхлэлтийн зурвас харагдаж байна.

5. Москва хотоос зүүн тийш 750 км алсад орхигдсон Свияазск суурин Ленинтэйгээ хамт хуучирчээ. Эгэл иргэд энэ хөшөөний ид шидийг өдгөө мартаа биз.

6.Сант-Петербург хотод сүндэрлэж буй хөшөөнд тэсрэг бөмбөг байршуулж дэлбэ авчээ. Болсон хэргийг шүүхийн шинжээчид шалгаж байна. 2009 он.

7.Харин энэ зурагт большевик хувьсгалын гарамгай удирдагч В.Лениний зуу зуун ширхэг цээж баримлыг ариглан гамнаж буйг үзүүлжээ. Уг агуулах урьд нь жилд 5000 ширхэг ийм хөшөө хийдэг үйлдвэр байсан бол 1993 оноос ийм болж.

8.Хилийн маргаан үүсгэж дэлхийн анхаарлын төвд орж, Украйнаас ОХУ-д шилжсэн Крым хойгийн усны гүнд ийм хөшөө олджээ. 14 метр гүнд эрхэм Ленин өнөөх хувиралгүй царайгаа гарган хэр удсаныг хэлэхэд бэрх. Лав л зургаан жил болсон нь тодорхой биз. 1996 он.

9. Нэгэнт өргөн уудам Орос орныг бүхэлд нь хувьсгаж чадсан тул түүний хөшөө -30 хэм хүртэл хүйтэрдэг Якутад ч хүрсэн. Харин өнөөдөр арчилгаанаас гарсан тул цан тогтож, мөсөнд баригдах нь энүүхэнд. Анзаарвал түүний арын барилгын оройд “Интернациональные проекты...” /Олон улсын төслүүд.../ хэмээх лоозон байршжээ.

10.  Зөвлөлт холбоот улсын ахан дүүсийн бүрэлдэхүүнд багтаж байсан Литвын удирдлагууд цаг үе өөрчлөгдмөгц 1991 онд шувууны баасанд дарагдсан Лениний хөшөөг хөрөөдөж орхиж.

11.  Румынчуудын хувьд литвчуудаас түргэн хөдөлж 1990 онд хөшөөг дүүжлэн хөрсөнд буулгасан байна. Бухарестын төв талбайд хоёр том өргөгч кран ажиллаж дууссаны дараа ард иргэд ямар авир гаргасан бол.

12.  Нэгэн үе нөхөр байсан Гүржүүд хожим ОХУ-ын сөргөлдөгч болсон. НАТО-гийн цэргийн сургуулилтын талбайд ч бага зэрэг хөмсөг зангидсан, “хамаргүй” Ленин байсаар л.

13.  Энэ бол Лениний хамар. Оросуудын шүдний өвчин болоод буй Украинд саяхан Ленинийг буулгаж, хүрэл хөшөөг хэдэн хэсэгт хуваажээ. Тэнд цуглагсад хуваасан хэсгийг өөртөө дурсгал болгож авлаа.

14.  Алслагдсан бүс нутаг, арал орнуудыг булаалдсан олон улсын маргааныг оросууд л зөв үлгэрлэн, төвийг сахиж байсан гэдгээрээ үнэлэгддэг. Энэ гавьяа Норвегийн Свалбард гэх газар мартагдсан байж болох ч хөшөө нь гүн далайн чанадыг ширтсэн хэвээр.

15.  Ер нь, коммунизм дэлхий дахинд ганхаж, сүйрэх тэр мөчид санаачлагч Ленин ч хамт мөхсөн бололтой. 1991 он, Чечень.

16.  Тажикстаны хоёр дахь том хөшөө 12.5 метр өндөртэй В.Ленинийх. Гэхдээ гурван жилийн өмнө яг ингээд аваад хаячихсан л даа.

17.  Харин монголчууд бид Ленинээс хэзээ ангижирсан билээ. Тажикстаны араас, 2012 онд Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгээс буулгаж, солонгос ачааны машинд, хаймаран дугуй дэрлүүлээд л аваад явсан. Түүний оронд Ардын хувьсгалтай зэрэгцэн Монголын уран зохиолд хувьсгал хийсэн их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө сүндэрлэх болсон билээ. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд 70 жил Лениний замаар явсан бид өөрийн замыг сонгоод 22 жил болсны хойно хөшөөг нь хэвтүүлсэн гэдэг харин ч энэрэнгүй, харж үзсэн хэрэг ч байж магадгүй.

18.  Энэ хөшөө аймшигтай булшнаас гаргасан цогцос шиг харагдаж байна уу. Үнэхээр тийм. Польшид еврейчүүдийг бөөнөөр нь оршуулсан Жедвабне гэдэг газрын гүнээс үүнийг олоод цээж, толгойг нийлүүлж үзжээ. 2001 он.

19.  Газар газрын Ленинд өөр тавилан оногдсон аж. Зуун дамжин босоогоороо нар, салхи үнэрлэсэн тэд одоо л хөрсөнд бууж, шинэ ногооны үнэр авч байгаа биз. Хөрөөдүүлж, хөшүүлж, дүүжлүүлж буусан хэдэн зуун Ленин Румынд байгаа энэ дүр зураг шигээ хаа нэг газрын арын хашаанд хэвтэж буй биз.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top