Монголын Хип Хоп урсгалд чанартай сайн уран бүтээлүүдээрээ хүч түрэн орж ирсэн Эрдэнэтийн гэх тодотголтой "Outlaw “ хамтлаг 10 нас хүрчээ. "Зүрхэн тэнгэрийн наран”, “Надаас бүү холдооч”, “Чи миний бүх юм”, "Мөсөн хайр" зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж таван жилийнхээ ойг нижгэр тэмдэглэж байсан цаг саяхан. Харин энэ жил “Оutlaw” хамтлагийн 10 жилийн ой тохиож байна.
Тэд Анх 2005 онд “Хайраас минь надад юу үлдэв” анхны тоглолтоо Эрдэнэт хотод амжиллттай тавьсан байдаг. Тэдний хувьд 2008 онд “Эхлэл” цомгоо худалдаанд гаргаж энэхүү цомог “Hi-Fi”, “Orange Records”-ийн улирлын шилдэг борлуулалттай цомгоор шалгарч, нийт 3000 хувь борлогдож дуусжээ. Харин 2009 онд анхны бие даасан “Надаас бүү холдооч” тоглолт, 2010 онд хоёр дахь бие даасан “Мөсөн хайр” тоглолтоо “UB Palace”-ийн “Open Air” задгай талбайд толилуулж 24 мянган залуусыг нэгэн дор цуглуулж чадсан юм.
Тэдний хувьд 2007-2012 оны хооронд хоёр удаа Монгол улсын 21 аймагт аялан тоглолт зохион байгуулсанаас гадна Европын орнуудаар аялан тоглолт хийсэн анхны Хип Хоп хамтлаг юм. Өнгөрсөн хугацаанд “Outlaw” хамтлаг давхардсан тоогоор 70 гаруй тоглолтыг зохион байгуулжээ. “Outlaw” хамтлагийн хувьд “Ядуу хүн дурлах эрхгүй”, “Надаас бүү холдооч”, “Аз жаргалын төгсгөлд” , “Нулимсандаа би хайртай”,”Зүрхгүй” , “Андын дурсгалд” зэрэг урын сандаа нийтдээ 80 гаруй уран бүтээл, 20 гаруй клиптэй юм. Тэд уран бүтээлээсээ хэсэгхэн хугацаанд хөндийрөөд байсан бол энэ зуныг ашиглаж хэд хэдэн уран бүтээл хийсэн байна. Тэд хамгийн сүүлд Чингисийн талбай дээр болсон рок поп бүх оддын тоглолтон дээр оролцож уран бүтээлээсээ хүргэсэн бөгөөд энэ үер эргэн уран бүтээлийн ажилдаа орсон тун удахгүй хос цомог гаргахаар ажиллаж байгаа тухайгаа дуулгасан юм. Хос цомгийн хувьд нэгэн 16 дуутай бөгөөд шинэ шинэ уран бүтээлүүдээс гадна хуучин хит болж байсан "Outlaw" хамтлагийн сор бүтээлүүд багтсан аж.
Дашрамд дуулгахад "Outlaw" хамтлагийхан маань он гараад 2 сард 10 жилийн ойн тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ шүү.
Сэтгэгдэл ( 0 )